2009 оны мастер төлөвлөгөөгөөр чөлөөт бүсээ хөгжүүлсээр байх уу?

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

2009 оны мастер төлөвлөгөөгөөр чөлөөт бүсээ хөгжүүлсээр байх уу?

2009 оны мастер төлөвлөгөөгөөр чөлөөт бүсээ хөгжүүлсээр байх уу?

Далайд гарцгүй ихэнх орнууд байгалийн баялагаасаа хараат. Ийм улс баялагийн хараалтай нүүр тулсан байдаг. Баялагийн хараалд өртсөн улсад валютын ханш хэлбэлздэг, авлига цэцэглэдэг, Засгийн газрын хулгай ихэсч, боловсролгүй улстөрчид эрх мэдлийг гартаа төвлөрүүлдэг. Энэ шинж тэмдэг Монгол Улсад эртнээс илэрсэн. Ази тив дэх баялагийн хараалд өртсөн улсын тоонд Монгол Улс ч багтана хэмээн Австралийн Воллонгонг хотын их сургуулийн профессор Чарли Харви долдугаар сарын ихээр Монгол Улсад ажиллахдаа хэлж байсан билээ.

Тэгвэл баялагийн хараалаас ангижрахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Үүн дээр ихэнх эрдэмтэд санал нэгддэг ч хэрхэн, яаж эдийн засгаа төрөлжүүлэх ёстой вэ гэдэг учраа олохгүй, өнөөг хүртэл маргалддаг ажээ.

Харин МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ц.Цолмон эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлснээр эдийн засгаа солонгоруулах боломжтой гэдэг сонирхолтой хувилбарыг гаргаж иржээ. Тэрбээр энэ тухайгаа Ази тив дэх баялагийн хараалд өртсөн орнуудын худалдааны логистик номд нийтлүүлсэн итгэлдээ дурдсан юм.

Тэртээ 1998 оноос манай улсад яригдаж эхэлсэн эдийн засгийн чөлөөт бүс гэх ойлголт өнөөдөр дэлхийн нийтэд хөгжлийн дараагийн үе шатандаа явж байна. Гэтэл манай улс 1998 оноос ярьж, дөрвөн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар болсон ч нэгийг нь цуцалж, гурвыг нь хөгжүүлэх гээд 10-аад жилийн өмнөх мастер төлөвлөгөөгөө бариад сууж байна гэж судлаач багш Ц.Цолмон илтгэлдээ дурдсан юм. Гэхдээ тэрхүү мастер төлөвлөгөөгөө шинэчлэх ажилдаа холбогдох төрийн байгууллагууд орсон гэдгийг ч дурдсан.

Тэдгээр чөлөөт бүс бол Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын эдийн засгийн чөлөөт бүс билээ.

АЛТАНБУЛАГИЙН ЧӨЛӨӨТ БҮС ДӨРВӨН УДАА НЭЭЛТЭЭ ХИЙСЭН

Алтанбулагийн чөлөөт бүсийн тухайд бол өнөөдрийг хүртэл дөрвөн ч удаа нээлтээ хийж байсан нь төр засгийн бодлогын тогтворгүй байдалтай шууд холбоотой болохыг харуулж байгаагийн тод жишээ гэж судлаачид шүүмжилж байгаа юм. Учир нь, төр засгийн тогтворгүй бодлого бол гаднын хөрөнгө оруулагчдын толгойны ганц өвчин билээ. Иймээс энэ чөлөөт бүсэд гаднын хөрөнгө оруулалт авах боломж бүрэн бий ч дээрх нөхцөл байдал саад тотгор болдог гэхэд хилсдэхгүй ээ.

Мөн бусад чөлөөт бүстэй харьцуулахад Засгийн газраас бүх зардлаа гаргуулдаг тул байнга л хөрөнгө оруулалт нь тасардаг, дэд бүтцийн асуудал энэ нутагт орхигджээ. Өнөөдрийн байдлаар 105 аж ахуй нэгж бүртгүүлсэн ч 15 нь л тогтвортой үйл ажиллагаа явуулж бөгөөд бүгд л согтууруулах ундааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Алтанбулагийн чөлөөт бүсэд нийтдээ 51.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээс өнөөдрийн байдлаар 10.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт нь л хийгдсэн гэв.

Энэ бүсэд 2015-2018 оны хооронд 3.9 сая ам. долларын бараа байснаас 2.9 сая ам.долларын бараа нь л эргэлтэнд орсон гэсэн статистик мэдээ байна.

Үүнээс гадна, энэ бүсэд Duty free гэх ойлголт үйлчилдэг. Харамсалтай нь, duty free нь хямд байх ёстой ч дэлгүүрээс илүү үнэтэй байгаа нь хуулийн цоорхойн тод илрэл гэдгийг судлаад хатуухан шүүмжилж байсан юм.

ЗАМЫН-ҮҮДИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭД ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИН ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Харин Замын-Үүдийн чөлөөт бүсийн хувьд АНУ болон Их Британийн Виржини арлаас хөрөнгө оруулах сонирхолоо илэрхийлсэн ч бүтэлгүйтсэн. БНХАУ-тай эдийн засгийн хамтарсан чөлөөт бүс байгуулахаар зорьж байгаа ч энэ чиглэлд хууль эрх зүйн орчин нь сул байна. Гэсэн ч БНХАУ-ны EXIM банкны хөнгөлөлттэй 50 сая ам.долларын зээлээр "Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийг сайжруулах төсөл" хэрэгжсэн.

Хэрвээ хятадтай хамтарсан чөлөөт бүс байгуулвал Замын-үүд асар хурдацтай хөгжинө гэдгийг судлаачид онцлон тэмдэглэж байна.

ЦАГААННУУРЫН ЧӨЛӨӨТ БҮС ДӨРВӨН УЛСЫГ ХОЛБОСОН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВ БОЛОН ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ

Цагааннуурын эдийн засгийн чөлөөт бүс бол дээрх хоёр чөлөөт бүстэй харьцуулахад буурай хөгжилтэй. Энэ төвийг хөгжүүлбэл ОХУ, БНХАУ, Казахстан, Монгол гэсэн дөрвөн улсыг холбосон олон улсын худалдааны төв болох бүрэн боломжтой ажээ. Учир нь, Цагааннуур нь Монголын баруун таван аймаг хуучин Зөвлөлт холбоот улсын импортын бараа хуваарилдаг логистикийг гол төв суурь байсан түүхтэй тул энэ бүсийг хөгжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой гэж судлаачид харж байна.

Монгол Улсын тодорхойлсон эдийн засгийн гурван чөлөөт бүс нь АН-3, АН4, АН-34 гэсэн автозам дагуу байрладаг, ОХУ, БНХАУ-ын зах зээлтэй ойр бөгөөд XXI зууны санаачилга хэмээн яригдаж буй "Бүс ба Зам" төсөл, гурван улсын эдийн засгийн коридор зэрэг төсөл хөтөлбөртэй уялдуулах өргөн боломжтой бөгөөд хэрвээ дэд бүтцийн асуудлыг нь шийдчих юм бол ОХУ, БНХАУ-ын хоорондох ачаа тээшийг дамжуулан өнгөрүүлэхэд л асар их ашиг олж, ажлын байр ч нэмэгдэх боломжтой гэдгийг судлаачид хэлж байна.

Харамсалтай нь, дээрх гурван чөлөөт бүсийн нийтлэг шинж нь дэд бүтцийн асуудал орхигдсон. Өнөөдөр дэлхий дээр дэд бүтцийн асуудлыг нь шийдэхгүйгээр, хөрөнгө оруулалт аваад хөгжсөн чөлөөт бүс маш ховор гэв. БНХАУ энэ талыг оновчтой харж, чөлөөт бүсийнхээ дэд бүтцийн асуудлыг маш эрчимтэй шийдэж байна. Жишээлбэл, тус улс нь Казахстантай эдийн засгийн хамтарсан чөлөөт бүс "Хоргос" байгуулсан нь далайд гарцгүй орнуудын хувьд жишиг болж байна. Үүнтэй адил бид ч гэсэн Замын-Үүдийн чөлөөт бүсээ Эрээн хотын чөлөөт бүстэй нэгтгэн хамтарсан чөлөөт бүс байгуулахад тус бүс нутагт асар хурдацтай хөгжинө гэдгийг дээр дурдсан. Гэхдээ Хятадын талаас дэд бүтцийн асуудлаа цогцоор нь шийдээд байхад манай талаас энэ асуудлыг мөн орхигдуулж болохгүй. Казахстан улс ч гэсэн хамтарсан эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан ч БНХАУ-ыг гүйцэх хэмжээний дэд бүтцийг байгуулж чадахгүй байгаа нь бас нэгэн сорилттой тулгарч байгааг судлаач багш Ц.Цолмон багш илтгэлдээ онцлож байсан юм.

Мөн өнөөдөр олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг ойлголт гарч ирсэн. Ихэнх хөрөнгө оруулагчид чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулчихаад чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахгүй байх тохиолдол гарч байгаа гэв. Иймээс чөлөөт худалдааны хэлэлцээрээ чөлөөт бүсийнхээ бодлоготой уялдуулах нь чухал гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж