Ерөнхийлөгчийн санал & Хуульчийн болгоомжлол

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

VS

Ерөнхийлөгчийн санал & Хуульчийн болгоомжлол

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр /2019.07.16/өргөн барилаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд 14 санал тусгагдсан бөгөөд үүнээс олны анхаарал хамгийн  их татсан нь  УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал байв.

Ингээд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох нь зөв эсэх талаар эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна.

 

Х.Баттулга
Монгол Улсын Ерөнхийлөгч

1992 оны Үндсэн хуулийг батлагдах үед Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бол 2019 онд 3,238,479 болж, 1,080,117 хүнээр өсөн нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 1992 онд Улсын Их Хурлын 1 гишүүн 28,399 орчим хүнийг төлөөлж байсан бол 2019 онд энэ тоо 42,611 орчим болж эрс өссөн байна. Хүн амын тоо гуравны нэгээр өссөн байхад Улсын Их Хурлын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдэлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Аливаа улсын парламент “хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих” чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал бий. Энэ аргачлалаар тооцвол 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох санал гаргаж байна. Энэ нь Улсын Их Хурлын төлөөлөх чадвар, сонгогдсон гишүүний ажлын ачаалалд тохирох хамгийн боломжит хувилбар гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурал цөөн тооны буюу 76 гишүүнтэй байгаагаас аливаа асуудлыг ердийн олонхоор шийдвэрлэх, хэт цөөн гишүүн хууль  батлах, улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэх сөрөг нөлөөллүүд үүсэж байна. Тодруулбал, Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх буюу 39 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, ердөө 20 гишүүний саналаар (1/3-ээс бага) хууль батлах боломжтой болсон нь чанаргүй, амьдралд буухааргүй, тогтворгүй, үр нөлөөгүй хууль гаргах сөрөг үр дагаврыг бий болгож байгаа юм.

О.Мөнхсайхан
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор

Ерөнхийлөгч хэд хэдэн байгууллагаар дамжуулж Засгийн газрыг хянах замаар мэдэлдээ байлгах агуулга төсөлд байна. Тодруулбал, Ерөнхийлөгч өөрийн тэргүүлдэг ҮАБЗ болон өөрийн нөлөө дор байгуулах хөгжлийн бодлого, төлөвлөлтийн байгууллага гэгчээр Засгийн газар бүрийн хөтөлбөрийг хянуулж шийдвэрлүүлэхээр заажээ (Eрөнхийлөгчийн төслийн 39). Төв банкны эрх мэдэл дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийг Монгол Банканд төвлөрүүлэх аж (Eрөнхийлөгчийн төслийн 19-2). Мөн, Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн бүх намын дотоод сонгууль болон намын гишүүний бүртгэлийг бүрэн хариуцахаар заасан (Eрөнхийлөгчийн
төслийн 19-1) нь үүгээр дамжуулж намууд болон сонгогчдыг бүрэн хянах агуулгатай байна.

Дээр нь, Ерөнхийлөгч шударга бусын хонгилын түлхүүр (ШEЗ, УEП, АТГ-г хурууны үзүүрээрээ хөдөлгөх төвлөрсөн эрх мэдэл)-ээрээ үг сөрсөн бүгдийг нам дарна. Шударга бусын хонгилын түлхүүрийг өгөхгүй гэдгээ Eрөнхийлөгч мэдэгдэв. Тэрээр УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс шүүхтэй холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан байна (Eрөнхийлөгч ийм санал өгснийг УИХ-ын вэбсайтад дурдсан). Хараат бус, шударга шүүхийг төлөвшүүлэхийг эсэргүүцсэн энэ саналыг нь хүлээн авбал Үндсэн хуульд оруулах бусад нэмэлт, өөрчлөлтийн үр дүн огт гарахгүй. Учир нь, хонгилын түлхүүртэй байхад УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Eрөнхий сайд, намууд зэрэг бүх нөлөө бүхий хүнийг "бөлдөгдөж" өөрийн дураар хөдөлгөнө. ҮАБЗ дээр Eрөнхийлөгчийн өөдөөс Eрөнхий сайд, УИХ-ын дарга юу ч хэлж чадахгүй үгээр нь байдаг болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж