Нийслэл хотын төв талбайд “Цэцэн хүүхэд” гэсэн бичигтэй цагаан цамц, цэнхэр малгайтай хэдэн хүүхэд Сүх жанжны өмнө зогсчээ. Тэд “Монгол хүн бүр нэгэн сэтгэлтэй байх хэрэгтэй” гэж хөшөөн дээр босоо монголоор сийлснийг төвөггүйхэн уншиж байлаа. Чингис хааны дүрийг хараад зургаа даруулахаар уралдан гүйж, энэ тэрийг ихэд сонирхон ажих эдгээр хүүхдүүд бол БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орноос баг болон солилцоогоор ирсэн юм.
Тэд Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалын газар, соёлын үнэт өвийг үзэхээс гадна хүмүүсийн аж байдал, ёс заншил гээд өвөг дээдсийнхээ төрөлх нутгийг нүдээр харахаар иржээ. Удахгүй тэд Өвөрхангай, Архангай, Дундговь гэсэн чиглэлээр хөдөө орон нутаг руу явах гэнэ.
Хүүхдүүд бүгд Монгол хэлээр чөлөөтэй ярьж байсан юм. Тэдний дундаас зургадугаар ангийн сурагч У.Хандив Монголд ирсэн сэтгэгдлээ ярихдаа: “Монгол орон төсөөлж байснаас илүү орчин үеийн улс байна, надад их таалагдлаа. Бидний яриа, царай ижилхэн боловч, бичиг үсэг нь ондоо юм байна” гэв.
Нэгэн цагт гарал угсаа нэгтэй Өвөр Монгол ахан дүүс Ар Монголд ирэх амаргүй байсан. Харин одоо тэд эзэн Чингисийн хөшөө, Сүхбаатар жанжны дүрийг ойроос харж, зургаа авхуулах боломжтой болжээ. Үүнд хоёр улсын найрамдалт харилцаа, уян бодлого нөлөөлж буй нь ойлгомжтой.
Ц.АРИУНЗАЯА
Холбоотой мэдээ