Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж чадваас УИХ-ыг тараах шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

LiveҮндсэн хуулийн өөрчлөлтийг баталж чадваас УИХ-ыг тараах шаардлагатай

Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж чадваас УИХ-ыг тараах шаардлагатай
16 : 34
2019-7-16

Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж чадваас УИХ-ыг тараах шаардлагатай

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа илэрхийлж байна. Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа долоон төрийн байгууллагад хүргүүлээд байгаа юм.

ТУС САНАЛУУДААС ОНЦОЛБОЛ,

  • Монгол Улсын сонгуулийн эрх бүхий арван мянга нэгээс доошгүй иргэн нэгдэж нам байгуулна.
  • Намд нэгдсэн Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний бүртгэл, өөрчлөлтийг Сонгуулийн Ерөнхий хороо хөтөлнө.
  • Нам үл хөдлөх болон ахуйн хэрэгцээнийхээс бусад үнэ бүхий хөдлөх хөрөнгө өмчлөхгүй. Намын орлогын эх сурвалж ба зарцуулалт нийтэд ил тод байна.
  • УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох.
  • УИХ-ын гишүүний тоог 76 байгааг 32-ooр нэмэгдүүлж, 108 болгох. Ингэхдээ 54 буюу 50 хувийг хувь тэнцүүлсэн байдлаар, 54 хувийг улсын нэг тойргоос одоогийн тогтолцоогоор сонгох.
  • Дээд шүүхийн шүүгчийн томилгоо 12 жил байх.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
УИХ-ын дарга аа,
Ерөнхий сайд аа
Монголчууд аа, нийт ард иргэд ээ.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган онцгой хариуцлагатай цаг үед хуралдаж, онцгой чухал хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж байна.

Миний бие 2018 оны УИХ-ын намрын чуулганы нээлт дээр “Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн шилжилтийг зохицуулахад чухал механизм болсон ч одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирснийг” сануулан уриалж байсан билээ.

Тэр цаг нэгэнт тулж ирлээ. Монголын ард түмэн, улс төрийн намуудын олонхи нь Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан Үндсэн хуулийн замаар эрс шинэчлэл хийхийг хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн намрын чуулган дээр хэлсэн үгэндээ миний бие Үндсэн хуульд өөрчлөлт, нэмэлт хийхдээ юуг анхаарах, ямар зарчим, үндэслэл баримтлах талаар хэлж байсан тэр л байр суурин дээрээ бат зогсож байгаа.

Миний бие Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх явцад олон нийтээс гаргасан саналуудыг багцалж, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН санал, төслийг боловсруулснаа та бүхэнд товчлон сонордуулъя. Бүрэн хувилбарыг Та бүхэнд бичгээр тараасан болно.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага ба санал төсөлд тусгагдсан онцлох заалтуудын тухай.

Ардчилсан Үндсэн хууль батласнаас хойших 27 жилийн хугацаанд монголчууд бид амжилт, ололтоос гадна дэлхийн даяаршил, хүний ухамсар, нийгмийн хөгжлөөс улбаалсан хүндрэл, бэрхшээлтэй чамгүй тулгарч ирлээ. Тухайлбал, Үндсэн хуулийн гол үзэл санаа болох – ард түмний засаглах эрх алдагдлаа, байгалийн баялгынхаа үр өгөөжийг тэгш хүртэх, зүй зохистойгоор ашиглах бодлого мөн алдарлаа.

Улсын Их Хурал, түүний гишүүдийн нэр хүнд жилээс жилд дордож парламентын засаглалд эргэлзэх хандлага ихэслээ. Улс төрийн намууд ашиг сонирхлоор хэлхэлдсэн бүлэглэл болж хувирлаа, хүний сонгох эрх, саналыг худалдан авч төрийн өндөр албан тушаалд очдог, албан тушаалаа хувийн шунахай зорилгод ашиглах явдал гаарлаа, сонгуулийн үр дүнд байгуулагддаг Засгийн газар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй, ойр ойрхон солигддог зэргээс шалтгаалан тогтвортой хөгжлийн бодлого үгүй боллоо, шүүх эрх мэдлийн нэр хүнд шалдаа буулаа, хот хөдөөгийн хөгжлийн эрс ялгаа, хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн хүндэрлүүд бий болж, иргэд төрийн халамж, үйлчилгээг тэгш авч чадахгүй боллоо.

Бий болсон гажуудлуудыг засах, хамтын зүтгэлээр хөгжин дэвжих боломжоо эрэлхийлэх, шийдэх нь Монголын төр, ард түмний хамтын үүрэг мөн. Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндөн хэлэлцэж, зарим иргэн, иргэний нийгмийн байгууллагаас Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулж Улсын Их Хуралд уламжилсан байдаг бөгөөд эдгээр санал төслийг үе үеийн Улсын Их Хурал анхааран үзэж, 2011, 2012 онуудад Улсын Их Хурлын зарим гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хүртэл санаачилж байжээ.

Түүнчлэн 2013 онд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж, 2015 онд мөн Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байжээ.

2016 онд Ерөнхий сайдын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судлах эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс “Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэсэн 46 заалттай тайлан, санал дүгнэлтийг гаргажээ.

Өнөөгийн парламент ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зориглож, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэн, УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг шийдэн, хэлэлцүүлж эхэлсэн зэрэг маш тодорхой ажлууд хийгдэж байна.

Наадмын өмнө удаа дара ард иргэдээс гаргасан саналыг УИХ-ын тамгын газраас нэгтгэн наадмын өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүнийхээ хувьд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй орхигдсон, зайлшгүй сайжруулах шаардлагатай асуудлуудаарх иргэдийн саналыг тусгасан, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн нэмэлт, өөрчлөлтийн санал төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэмэлт, өөрчлөлтийн санал төсөл нь нэг өдөр бодож олсон зүйл биш. Өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жил хэлцэгдсэн, иргэдийн бодол, шүүлтүүрээр орж сайтар шигшигдсэн баримт бичиг хэмээн үзвэл зохино. Санал болгон түүхэн сургамжтай. Алдаан дээр суралцаж, цаашид гарч болзошгүй алдаануудыг хааж байгаа юм.

Нэг. Монгол Улс 1911 оны Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгалаар тухай бүр тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байсан. Гэсэн хэдий 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улс тусгаар тогтносон улс байх, эсэх асуудлаар хөндлөнгийн хяналт, ажиглалт дор бүх ард түмний санал асуулгыг явуулсан. Тусгаар тогтнолын төлөө Монголын нийт иргэдийн 98.5 хувь нь саналаа өгч, улс орноо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нэн чухал алхам хийсэн байдаг. Тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх гэсэн манай оролдлого олон саад бэрхшээлийг даван 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноор эрхэм зорилгодоо хүрч, Тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулж чадсан билээ. Энэ хугацаанд зарим этгээдийн зүгээс хойд хөршийн бүрэлдэхүүнд орох, тусгаар тогтнолоосоо татгалзах санал, санаачлага гаргаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Өнөөгийн байдлаар манай улсын тусгаар тогтнолыг үгүйсгэх хандлага бүхий маргаан дэлхий нийтэд байхгүй. Хэдий ийм ч тодорхой нөхцөлд улсынхаа тусгаар тогтнолыг улам бүр бэхжүүлж, үеэс үед сахиулан хамгаалахад чиглэсэн хуулийн хамгаалалтыг хийх нь зөв гэдгийг зарим улсад өрнөсөн үйл явдал, гашуун туршлага харуулсан тул Үндсэн хуульд тодорхой зохицуулалт тусгах шаардлагатай байгаа юм.  Үүнийг нэмэлт өөрчлөлтийн санал төсөлд:

1.3 Монгол улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн заалтаар илэрхийлж байгаа юм.

Хоёр. Манай улс 1992 оноос хойш парламентын 7 удаагийн, Ерөнхийлөгчийн 6 удаагийн сонгуулийг, мөн тооны давтамжтайгаар орон нутгийн хурлын сонгуулиудыг явуулаад байна. Энэ хугацаанд сонгуульд нэр дэвшигч хүмүүс иргэдийн санал, дэмжлэгийг мөнгө, эд зүйл, бэлэг, сэлт аливаа хэлбэрийн тусламж, үйлчилгээгээр татах, иргэд мөн мөнгө, эд зүйл, бэлэг, сэлт өгсөн, тусламж, үйлчилгээ үзүүлсэн хүнийг сонгох байдалд бүрэн автаж, санал худалдах буюу санал худалдан авах шинж бүхий явцуу ашиг сонирхолд олонхиороо хөтлөгдөн, хууль бус үйл ажиллагааг өргөн хүрээнд маш нарийн зохион байгуулалттайгаар явуулж ирсэн гэж хэлж болно.

Ийм бусармаг үйл ажиллагаа нь засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн үзэл санааг алдагдуулсан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах буюу авахаар завдахыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн гэмт үйлдэл мөнөөс мөн юм. Зохион байгуулалттай хууль бус, бусармаг үйл ажиллагаа бодитоор явагдсан, цаашид ч явагдах магадлал их тул үүнийг таслан зогсоохын тулд Үндсэн хуульд тодорхой зохицуулалт тусгаж, салбар хуулийн хүрээнд гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай байна. Тийм учраас:

3.3 “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт халдсан гэмт хэрэг гэж үзнэ” хэмээн томъёолсон заалтыг орууллаа.

Гурав. Төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах онцгой чиг үүрэг бүхий Төв банкны хараат бусаар ажиллах нөхцөл, баталгааг улам тодотгон бэхжүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийг дархлаажуулахын тулд Үндсэн хуульд тодорхой зохицуулалтууд тусгах шаардлага бий. Эдгээр зохицуулалт нь салбарын хуулиар хангагдсан ч Үндсэн хуульд тусгагдаагүй учраас Монгол банкнаас ирүүлсэн саналыг уламжлан оруулж байгаа юм.

Дөрөв. Нэгдмэл улс гэдгээ бататгах, засаг захиргааны удирдлагын эрх хэмжээ, удирдах, удирдуулах ёсыг бэхжүүлэх нь нэн чухал болж байна. Тархай бутархай нэгжүүдийн эрх мэдлийн хийдэл, зөрчил, давхардал нь өнгөрсөн он жилүүдэд улс орны хөгжлийг туйлын ихээр тушлаа. Тиймээс газартай холбоотой аливаа эрхийг Засгийн газар болон засаг, захиргааны томоохон нэгжийн удирдлагад шилжүүлж, хөгжлийн бодлого зорилтдоо нийцүүлэн ашиглах нь нэн чухал байна.

Үүнтэй холбоотойгоор: 6.6  Нийтийн өмчийн газрыг  Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нйислэлийн Засаг дарга гаргана” гэсэн заалт оруулж байна. Анхаарна уу.

Тав. Манай улс байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч улсын нэгд тооцогддог боловч үр өгөөжийг нь хүртэх, хүртээмжтэй  ашиглах тал дээр оновчтой бодлого барьж, дорвитой хэрэгжүүлээгүйгээс чамгүй шүүмжлэл, доромжлолыг амсаж, чадал боломжоосоо давсан хэмжээгээр хохирсон гэж хэлж болно.

Байгалийн баялгийг ашиглах суурь болзлыг Үндсэн хуульд тусган дэлхийн нийтэд зарласнаар, манай үндэсний эрх ашгийг хүндэтгэн үздэг шударга хөрөнгө оруулагчидтай эргэлзээгүй, эрсдэлгүй, тогтвортой эрх зүйн орчинд хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх нь чухлаар шаардагдаж байгаа юм. Иймд ард түмний мэдэлд байх, нийтийн өмчид хамаарах байгалийн баялагаа зохистой, үр ашигтай, хүртээмжтэй ашиглах зарчим, журмыг Үндсэн хуулиар тогтоож, өнөөгийн болон ирээдүйн ард түмнийхээ эрхийг хамгаалан хангах шаардлагатай гэж үзэж байна.

Санал, төсөлд үүнийг дараах байдлаар тусгалаа.

6.2 Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтлана. Газрын хэвлийн баялгийг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын хуулийн этгээдэд энэ зүйлд заасан зарчмын дагуу ашиглуулж болно. Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдно. Хөрөнгө оруулагчийн зардал бодитой байна. Хөрөнгө оруулагчийн зардалд төр хяналт тавьж, ард түмэнд тайлагнана. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласны орлогыг баялгийн санд төвлөрүүлж, зарцуулна. Байгалийн баялгийг ашиглах болзол, баялгийн сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Зургаа. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн улс төрийн намууд улс орны хөгжлийг дэмжихүйц хэмжээний институци болон төлөвшиж чадаагүйгээс нийгмийн үнэлэмж нь эрс доройтож, иргэдийг залхаан, үл итгэх нөхцөл байдалд хүргэж эхэлсэн. Намуудын дотоод ардчилал хангалтгүй, асуудлыг бүлэглэсэн хуйвалдааны журмаар шийдвэрлэх хандлага давамгайлах болсон, оролцооны шударга байдал, үйл ажиллагааны тэгш байх зарчим алдагдсан, санхүүжилт нь ил тод бус зэрэг нөхцөл байдал нь улс төрийн намуудын үнэлэмжийг унагах гол шалтгаан болж байна.

Хэдийгээр нам нь олон нийтийн байгууллага мөн боловч иргэдийн сонголтоор төрийн эрхийг барьж, иргэдийн өмнөөс төрийн шийдвэрийг гаргаж, баялагийн хуваарилалтыг хийдэг онцгой институци тул улс төрийн намуудыг дотоод ардчилалтай, хариуцлагатай, санхүүжилтын ил тод тогтолцоотой болгох зүй ёсны шаардлага Монголчууд бидний өмнө тулгарч байна. Улс төрийн нам бол төрийг байгуулах үндсэн арга зам мөн. Гэвч намуудад тавигдах шалгуур нь хэт доогуур, санхүү нь ил тод биш байдгаас төрийн үйл ажиллагааг доголдуулах хүчин зүйл болжээ.

Улс төрийн намуудыг шинэчлэх чиглэлд дорвитой өөрчлөлт хийгээгүй тохиолдолд улс орны хөгжил хийгээд иргэдийн ахуй амьдралд хүндрэл учруулж болзошгүй тул Үндсэн хуульд суурь зохицуулалтуудыг тусгах шаардлагатай байна.  Тийм учраас намуудын гарааг жигд, санхүүг ил тод болгох заалтууд оруулахаар санал болгож байгаа юм. Намуудын парламентад суудал авах босго нь нийт сонгогчдын 5 хувь буюу 100 мянга хүний санал авсан байхаар тогтооё. Харин намыг бүртгэхдээ тавин мянга нэгээс цөөнгүй гишүүнтэй бол сонгуулийн төв байгууллага бүртгэхээр зааж өглөө.

Нэмэлт өөрчлөлтүүдийг баталсны дараа 27 жил хэрэгжсэн Үндсэн хууль сайжирч, эрх зүйн шинэлэг орчин бүрдүүлэх тул улс төрийн намууд ч адил нэг гараанаас эхлэх, ижил нөхцлөөр өрсөлдөх шаардлага үүснэ. Одоо намууд санхүүгээр уралдах бус цэвэр үзэл баримтлалаа иргэдээр дэмжүүлэх, олонхийн дэмжлэг авбал Засгийн газрыг байгуулах барих эрхээ авах л зорилгоо биелүүлэх боломж бүрдэх гэж байна. Ирэх сонгуульд өрсөлдөх бүх намууд нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэчлэн бүртгүүлэх ёстой болно. Улс төрийн намуудын хуульд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орох энэ заалтуудыг суурь үндэслэл болгох хэрэгтэй.

Долоо. Хууль болон Улсын Их Хурлаас гарч буй бусад шийдвэрийг чанартай, үр нөлөөтэй болгох, Засгийн газрын тогтвортой байдалд цөөн тооны гишүүд шууд нөлөөлж, огцруулдаг жишгийг халах, Улсын Их Хурлын гишүүд зүй бус нөлөөнд автах эрсдлийг илэрхий бууруулах, Засгийн газарт тавих парламентын хяналтыг үр нөлөөтэй болгох зүй ёсны шаардлагын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байгаа тул үүнтэй уялдаатайгаар Улсын Их Хурлын гишүүний Ерөнхий сайдын албан тушаалаас бусад давхар ажил эрхлэх эрхийг бүрэн хязгаарлах шаардлагатай гэж үзсэн болно.

1992 оны Үндсэн хуулийг батлагдах үед Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бол 2019 онд 3,238,479 болж, 1,080,117 хүнээр өсөн нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 1992 онд Улсын Их Хурлын 1 гишүүн 28,399 орчим хүнийг төлөөлж байсан бол 2019 онд энэ тоо 42,611 орчим болж эрс өссөн байна. Хүн амын тоо гуравны нэгээр өссөн байхад Улсын Их Хурлын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Аливаа улсын парламент “хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих” чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал бий. Энэ аргачлалаар тооцвол 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох санал гаргаж байна. Энэ нь Улсын Их Хурлын төлөөлөх чадвар, сонгогдсон гишүүний ажлын ачаалалд тохирох хамгийн боломжит хувилбар гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурал цөөн тооны буюу 76 гишүүнтэй байгаагаас аливаа асуудлыг ердийн олонхиор шийдвэрлэх, хэт цөөн гишүүн хууль  батлах, улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэх сөрөг нөлөөллүүд үүсэж байна. Тодруулбал, Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхи буюу 39 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, ердөө 20 гишүүний саналаар (1/3-ээс бага) хууль батлах боломжтой болсон нь чанаргүй, амьдралд буухааргүй, тогтворгүй, үр нөлөөгүй хууль гаргах сөрөг үр дагаварыг бий болгож байгаа юм.

Найм. 1992 оноос хойшхи парламентын 7 удаагийн сонгуулиас хойш 2012 оны сонгуулийг л холимог тогтолцоогоор явуулжээ. 2012 оны сонгуульд холимог тогтолцоог ашигласнаар парламентад олон намын төлөөлөл орсноос гадна иргэдийн саналыг гээгээгүйгээрээ чухал ач холбогдолтой байсан гэж судлаачид үздэг. Олон намын төлөөлөл бүхий парламент нь аливаа асуудлыг зөвшилцлийн мэтгэлцээний замаар шийдвэрлэх, шийдвэр гаргах явц дахь нэг намын хэт давамгайллыг бууруулах давуу талтай гэж үзлээ.

Түүнчлэн Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 33 намын зүгээс хувь тэнцүүлэх эсхүл сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгайлан зааж өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа юм.

Дэлхийн улс орнуудаас Япон, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Шинэ Зеланд, Унгар, Словени, Польш, Румын, Литва, Франц зэрэг улс холимог тогтолцоог ашиглан парламентын сонгуулиа явуулдаг. Олон намын тогтолцоотой улсууд сонгуулийн хосолсон болон пропорционал тогтолцоог өргөнөөр сонгох хандлага нийтлэг ажиглагдаж байна.

Манай улсын хувьд Үндсэн хууль, өөрийн орны онцлог, улс төрийн намуудын төлөвшил зэргийг харгалзан, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэлийг хангах, тогтвортой байдлыг бэхжүүлэх зүй ёсны шаардлагын дагуу сонгуулийн тогтолцоогоо оновчтой, тодорхой болгох тулгамдсан хэрэгцээ бий. Төрийн эрх барьж буй нам сонгуулийн өмнө өөрсдийн эрх ашигт нийцүүлэн сонгуулийн хуулийг өөрчилдөг гаж жишгийг халах нь онцгой ач холбогдолтой юм.

Ийм учраас Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой тусган, зааж өгөх нь зүйтэй. Эрх барьж буй нам өөрийн эрх ашигт нийцүүлэх байдлаар сонгууль болгоны өмнө сонгуулийн хууль болон тогтолцоо, журмыг өөрчилдөг зохисгүй байдал давтагдахгүй байх нөхцлийг бүрдүүлье.

Ес. Үндсэн хуульд Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг 4 жил байхаар тогтоосон нь парламентыг бүрэн эрхийнхээ хугацааны эхний жилд улс төрийн томилгоо хийдэг, сүүлийн жил гаруй хугацаанд дараагийн сонгуульд зориулсан улс төрийн бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг албан бус горимд оруулсан. Ингэснээр Улсын Их Хурал үндсэн чиг үүргийнхээ ажлыг зөвхөн 2 жилийн хугацаанд хийдэг гэх шүүмжлэл хүлээх болсон бөгөөд энэ бодит үндэслэлтэй гэдгийг эрдэмтэн, судлаачдаас гадна Улсын Их Хурлын гишүүд, улс төрчид өөрсдөө хүлээн зөвшөөрөх болжээ.

Гэтэл Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний гишүүн орнууд тогтвортой хөгжлийн бодлогоо 5, 10, 15 жилээр дунд, урт хугацаанд нь төлөвлөдөг болсон тул үүнтэй уялдуулан бодлого хэрэгжүүлэгчийнхээ бүрэн эрхийг хугацааг эргэн харах шаардлага олон улсад тулгарч байгааг анхаарах нь зүйтэй. Тодруулбал, дэлхийн 187 улсын парламентаас 95 улсын парламент 5 жилийн хугацаагаар бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

Өргөн барьж буй санал төслөөр Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жилээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Эдийн засгийн уналт, бууралтын мөчлөг 5 жилийн давтамжтай явагддаг гэсэн судалгаа бас бий. Сонгуулийн 4 жил нь эдийн засгийн мөчлөгтэйгээ зөрөх нь олонтаа тохиолдож байна. Дэлхий дээр парламентын бүрэн эрхийн хугацааг 4, 5, 6 гэсэн жилүүдээр тогтоодог жишиг байгаагаас дундаж хувилбарыг сонгож байгаа юм.

Ингэснээр улс төрийн тогтвортой байдлыг хангах, хөрш орнуудын эдийн засгийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан өөрийн орны нийгэм, эдийн засгийн бодлогоо төлөвлөх, тогтвортойгоор хэрэгжүүлэх үндэс суурь бүрдэх юм. УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгохтой уялдаад бусад бүх сонгуулийн бүрэн эрхийн хугацаанууд мөн 5 жил болж таарна.

Арав. Дэлхийн улс орнуудын жишигт нийцүүлэн хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр төсвийн, татварын гэх зэрэг Засгийн газрын боловсруулвал зохих хууль, тогтоомжийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүн санаачлахад хязгаарлалт хийнэ. Санал төсөлд тусгаснаар бол:

26.1 Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно гэж заасан.

Ганц гишүүн чухал ач холбогдолтой хуулийг санаачлаад явдаг өмнө практик нь тодорхой ашиг сонирхлыг суулгадаг гэмтэй байсан тул хязгаарлалт хийх ёстой, үүнийг хуулиар зохицуулах ёстой болж байгаа юм. Энэ нь Ерөнхийлөгчид ч хамаатай заалт байх болно.

Арван нэг. Аливаа улс алс хэтийг харсан хөгжлийн бодлого, зорилтоо оновчтойгоор тодорхойлж, тогтвортой хэрэгжүүлснээр үр дүнд хүрдэг бөгөөд үүний хүрээнд хөгжлийн бодлого төлөвлөлтийн институцийн бүтцийг бий болгох шаардлага бий болдог. Дэлхийн улс орнууд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн институцийн талаарх зохицуулалтыг Үндсэн хуульдаа тусгаж, эрх зүйн үндсийг нь тодорхойлсон байдаг нь цөөнгүй.

Урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын уялдаа, төлөвлөлтийг хангах асуудал хууль эрх зүйн хүрээнд бүрэн зохицуулагдсанаар хөгжлийн бодлогын баримт бичиг сонгуулийн мөчлөгөөс үл хамааран харьцангуй тогтвортой хэрэгжих нөхцөл бүрддэг.

Манай улсын хувьд Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд нийт 14 Засгийн газар байгуулагдсан бөгөөд хоёроос бусад нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй огцорчээ. Засгийн газрын оршин тогтносон дундаж хугацаа 1.8 жил байгаагаас хөгжлийн бодлого, зорилтууд орхигдож, зохих ёсоор хэрэгжсэнгүй.

Иймд Үндсэн хуульд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан институцийн эрх зүйн үндсийг тогтоох, Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааных нь чанарыг сайжруулах, шаардлага бодитоор тулгарч байна. Түүнчлэн Засгийн газар нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн бодлого гэсэн хоёр баримт бичгийг үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөртөө тулгуур зарчим болгож, заавал тусгах заалт орууллаа.

Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоож, хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүний давхар ажил эрхлэх эрхийг хязгаарлах нь зүйтэй юм. Энэ бол нийгмийн шаардлага, олон жил яригдсан асуудал тул тайлбар илүүц биз.

Арван хоёр. Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээнд “… Аливаа улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын асуудлыг төрөөс салган авч үзэх боломжгүй. Товчоор хэлбэл, Төр бол энэ бүхний баталгаа юм. Төрийн алба үндсэн үүргээ гүйцэтгэх чадвар хомсдож, улмаар нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх легитим чанар нь доройтож байгаа бол үүнийг үндэсний аюулгүй байдалд тулгарч байгаа ноцтой аюул гэж үзэхээс аргагүй…” гэж дурджээ.

Улсын Их Хурлаас 2008 онд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2017онд шинэчлэн найруулж, төрийн албан хаагчдын намын харьяаллыг түдгэлзүүлэх, намын гишүүнчлэлтэй байхыг хориглох, хараат бус ажиллах нөхцөл, баталгааг нэмэгдүүлэх зэргээр мэргэжлийн ба улс төрөөс хараат бус төрийн албыг бүрдүүлэх зорилго бүхий оролдлого удаа дараа хийгдэж байгаа ч удирдах түвшин дэх боловсон хүчний бодлогод улстөржих хандлага хэвээр байна. Сонгууль бүрийн дараа төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтнуудыг олноор нь халж сольдог байдал хэвшил болсон. Энэ нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр нөлөөг бууруулж, тогтвортой, залгамж чанартайгаар хэрэгжих нөхцөлийг алдагдуулахын зэрэгцээ төрийн албаны чадавхийг сулруулж,  тогтворгүй болгох сөрөг нөлөөг үзүүлсээр байна.

Иймд, төрийн бодлогыг боловсруулах үндсэн нэгж болох яамны аппаратыг удирдаж, төрийн бодлого шийдвэрийг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлэх, сайдыг үйл ажиллагаагаа шуурхай явуулахад туслах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг Төрийн нарийн бичгийн даргын томилгоо болон төрийн жинхэнэ албан хаагчийн шатлан дэвших нөхцөл, баталгаа, эрхийг Үндсэн хуульд тусган хамгаалах шаардлага байна.

Арван гурав. Шүүхийн тогтолцоог засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгжийг дагуулан тогтоож байгаа нь төрийн үйлчилгээний нэг төрөл болох шүүхийн үйлчилгээг оновчтой, хүртээмжтэй байлгахад гол саад тээг болж байна. Шүүхийн ачааллыг жигдлэхэд саад болж байсныг зохицуулах санал орууллаа. Шүүхийг засаг захиргааны нэгжийг дагуулж бус тойргоор уян хатан байгуулах нь нэмэлт санхүүжилт шаардахгүй, цэвэр зохион байгуулалтын ажил байх юм.

Шүүхийн сахилгын хороо байгуулах нь шинэ санал юм. Сахилгын хороо бол Шүүхийн ерөнхиий зөвлөлд одоо байгаа Мэргэжлийн хороо, Ёс зүйн хороо гэсэн бүтцийг нэгтгэсэн, бие даасан бүтэц бөгөөд үндсэн үүрэг нь сахилга алдсан шүүгчдэд итгэл үзүүлэх эсэх асуудал байх болно.

Шүүгчийн хараат бус байдлыг хангах, сахилга хариуцлагыг нь дээшлүүлэх чиглэлд Улсын Их Хурлаас багц хууль батлан хэрэгжүүлсэн боловч шүүгчид хариуцлага хүлээлгэх оновчтой тогтолцоо өнөө хир бүрэн бүрдээгүй гэж үзэж болохоор байна.

Хэдийгээр шүүгчид ёс зүйн болон боломжит бусад хариуцлагыг хүлээлгэх чиг үүрэг бүхий Шүүхийн ёс зүйн хороо ажиллаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө нь туйлын хангалтгүй  байна. Тухайлбал, Шүүхийн ёс зүйн хороо сүүлийн таван жилд буюу 2014-2018 онд давхардсан тоогоор нийт 1706 шүүгчид холбогдох 1135 гомдол хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүний 80 орчим хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ. Энэ хугацаанд 1135 гомдлоор ердөө 14 шүүгч л шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна.

Иймд шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны болон ёс зүйн зөрчлийг  шалган шийдвэрлэх ажиллагааг Шүүхийн сахилгын хороонд бүрэн харьяалуулж, сахилгын хорооны магадлалыг аль нэг тал эс зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах ажиллагааг салбар хуулийн хүрээнд улам боловсронгуй болгож, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн журмаас ялгамжтай байдлаар тогтоох шаардлагатай байна. Мөн мэдлэг, чадвартай, ёс зүйтэй мэргэжилтнийг шүүгчээр ажиллуулахын тулд төрийн албанд хэрэгждэг зарчмын дагуу шүүгчийг туршилтын хугацаагаар томилж ажиллуулах шинэ жишиг тогтоох нь зөв гэж үзэж байна.

Арван дөрөв. Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн нийтлэг зохицуулалтаас харахад нийслэлийнхээ эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулсан байдаг. Монгол Улсад нийслэлийн эрх зүйн байдал боловсронгуй биш, ялангуяа нийслэлийн дүүргийн эрх зүйн байдлыг сумтай адилтган авч үздэг оновчтой бус, ойлголт, хандлагыг нь бүрэн өөрчлөх шаардлага тулгарчээ. Нийслэлийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн бусад нэгжээс онцлог ялгаатайгаар хөгжих боломжийг бүрдүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах шаардлагатай байна.

Өнөөгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, дэд бүтцийн тулгамдсан байдлыг оновчтой шийдвэрлэх үүднээс нийслэл нь дүүрэгт бус хотуудад хуваагдахаар тусгах нь оновчтой гэж үзлээ. Ингэснээр дүүрэг нь хотын статусаар үйл ажиллагаа явуулж тулгамдсан асуудлаа бие даан оновчтой шийдвэрлэх эрх зүйн нөхцөл бүрэлдэнэ.

Түүнчлэн Монгол Улсад олон жил шийдэл хүлээж буй бусад хотын асуудлыг нэг мөр болгох, хотыг засаг захиргааны нэгж гэж тооцох, ангиллыг оновчтой болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж, уялдсан нэмэлт, өөрчлөлтийг хамаарах зүйл, хэсэг тус бүрт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улс нь холбооны бус нэгдмэл улс атал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэхээр заасан нь амьдрал дээр сөрөг үр дагавар гаргаж байна. Жишээ нь, Орхон аймаг өөрсдийн иргэдийн амьдран суугаа газрыг Булган аймгаас авч чадахгүй олон жил болжээ. Иймд:

57.3 Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг тооцож гаргасан Засгийн газрын саналыг харгалзан УИХ шийдвэрлэнэ гэсэн заалтыг оруулж байна. Ингэж байж Монгол Улсад Улаанбаатар хотоос өөр шинэ хот байгуулагдах эрх зүйн үндэс бий болох юм.

Эдгээр 5 багц асуудлаар Үндсэн хуулийн нийт 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28.5 хувийг эзэлж байна.

УИХ-ын дарга, Эрхэм гишүүд ээ

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН САНАЛ төслийг боловсруулснаа УИХ-д танилцуулан өргөн барьж байна. Эдгээр саналууд нь иргэдийн захиа даалгавар, хүсэл сонирхол болон сүүлийн арван жилийн турш олон нийтээр хэлэлцсэн хэлэлцүүлгүүдийн сор дээжис, цоморлиг гэж үзэж болно. УИХ хэлэлцэн улам сайжруулах биз хэмээн найдаж байна.

Эрхэм гишүүд ээ, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батласны дараа УИХ зайлшгүй гурван алхмыг хийх ёстой болж байна.

Нэгд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй уялдуулан Улс төрийн намуудын хуулийг шинэчлэх ёстой. Үүгээр одоо байгаа бүх намуудыг татан буулгах замаар улс төрийн бодлогын өрсөлдөөнд жигд, тэгш гарааг бий болгоё. Ядаж тавин мянга нэг бодит гишүүнтэй намыг бүртгэж, үйл ажиллагааг нь зөвшөөрдөг болъё. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар СЕХ нийтдээ 1 сая 912 мянга 901 сонгогчийг бүртгэж байжээ. Энэ тоо одоо 2 сая гарсан гэж үзвэл сонгогчдын ядаж 2,5 хувийн итгэл үнэмшлийг дагуулаагүй, төдий тооны гишүүнгүй нам төрийн бодлого боловсруулахад оролцох  гэх нь угаасаа утгагүй, эрх зүйн зөвтгөлгүй юм. Намуудын бүртгэлийг Дээд шүүх биш Сонгуулийн Ерөнхий хороо хариуцаж, гишүүнчлэлийн бодит байдал, давхцал зэргийг тодорхойлдог байх нь зүйтэй юм. СЕХ парламентийн, Ерөнхийлөгчийн, орон нутийн ИТХ-ын сонгуулиудаас гадна улс төрийн намын дотоод сонгуулийг зохион байгуулж болно. Энэ нь маргаангүй, шударга дотоод сонгууль явагдах сайн нөхцөл болох юм. Улс төрийн намууд өмчлөлгүй, үл хөдлөх хөрөнгөгүй. Гишүүдийн тоо болон сонгуулиар авсан дэмжлэгтэйгээ уялдсан талбай бүхий оффисын байраар Засгийн газар хангадаг журамтай болгоё. Дэлхий дээрх ардчилсан тогтолцоотой улсуудаас  энэ тал дээр суралцаж болно.

Хоёрт. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг баталгаажуулсан Сонгуулийн шинэ хуулийг батлах ёстой. Улс төрийн намууд, улс төрчдөд сурталчилгааны тэгш, жигд боломж үүсгэх нөхцлийг хангасан тийм сонгуулийн хууль шаардлагатай болж байна. Яавал нэр дэвшигчдийн өрсөлдөөнийг мөнгөний хамаарлаас ангид байлгах, тойргийн бус үндэсний, нийт улсын эрх ашгийг эрхэмлэдэг болгох тал дээр Та бүхэн ухаанаа уралдуулан өнгөрсөн 30 жилийн алдааг нэгмөр тэглэх хувилбараар Сонгуулийн шинэ хуулиа батлаасай хэмээн хүсэж байна.

Гуравт. Эрхэм гишүүд ээ, Та бүхэн сүүлийн арван жилийн туршид яригдаж, хэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах сонгогчдын даалгаврыг биелүүлж чадваас түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж үзээд УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо.

Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна. Та бүхэн иргэний болон улс төрийн эр зориг гаргаж эдгээр алхмуудыг хийснээр ардчилсан түүхэнд тэмдэглэгдэн дурсагдах гавьяаг байгуулах болно.

Эрхэм гишүүд ээ, монголын ард иргэдээ

Улс орны өмнө тулгамдан хуримтлагдсан суурь асуудлуудыг шийдвэрлэх, өнөөгийн болон ирээдүйн зорилт, хэрэгцээг бүрэн тусгах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулийн шинэчлэлээр Монгол орон шинэ дэвшилтэт үе рүүгээ алхан орох гэж байна.

Үүнд бүх нийтийн оролцоо туйлаас чухал учир энэ өдрүүдэд анхаарлаа УИХ-ын танхимд бүрэн төвлөрүүлээрэй.

Та бүхэнд амжилт хүсье.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй.

Баярлалаа” гэв.

Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.

14 : 47
2019-7-16

ЧУУЛГАН: Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэц 2019 оны зургадугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн билээ.

Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчөөгүй байна гэжээ.

Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Алт  олборлосон ААН-үүд алтаа хувь хүний нэр дээр тушаагаад АМНАТ төлөхгүй зувчуулж байсан. Энэ талаар тооцоо хийж хэчнээн тоон алтнаас  АМНАТ  төлөгдөөгүй талаар хийсэн судалгаа байна уу. Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын бүтээгдэхүүн худалдан авч байгаа ААН-үүдээс татвар авах хуульчилсан. Энэ хуульчлалаар цаашид ямар ирээдүй харагдаж байна вэ.

АЖЛЫН ХЭСЭГ:

2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт Монгол банканд тушааснаас үүний тал хувийг нь иргэд тушаасан байдаг. Сүүлийн хагас жилийн байдлаар нийт тушаасан алтны  40 орчим хувийг иргэдээс тушаасан  алтны хэмжээ эзэлж байна. Хуулийн хэрэгжилтийн үр дүнг одоо хэлэхэд эртэднэ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Үндсэн хуулийн 6.2-т газрын доорх баялаг ард түмний хяналтад, төрийн мэдэлд байна гэж заасан. Гэтэл ард түмний хяналт, төрийн мэдлээс гарч лиценз гэдэг цагаан цаасаар зарагдаж гаднынхны өмч болж байхад Үндсэн хуулийн цэц авч хэлэлцдэггүй. Уул уурхайн компаниудын гаргасан татвартай холбоотой маргаан маш амархан тэдний талд гардаг.  Үндсэн хуулийн цэцийн гишүүд эдийн засгийн наад захын мэдээлэлтэй байдаггүй юм уу. Алтын компаниуд татвараас бултаж хувь хүний нэр дээр алтаа тушаадаг. Хаанаас, ямар уурхайгаас авсан нь тодорхойгүй байтал Монгол банк худалдаж авсаар ирсэн. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрвөл цаашид энэ байдал үргэлжилсээр байна гэсэн үг. Мөн нүүрсний үнийн өсөл дээр нөөц ашигласны татвар авах боломжгүй болно. Тийм учраас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй.

АЖЛЫН ХЭСЭГ:

Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр  АМНАТ-ийг хүдэр, баяжмал бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр ногдуулна гэсэн заалтыг нэмж оруулсан.

Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа Байнгын хороодын саналын томьёоллын дагуу Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонхоор санал дэмжигдлээ. Үүгээр  Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг  УИХ хүлээж авсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж