“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авторалли уралдаан долдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж байна. Уг уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Уралдааны сүүлийн гараа өнөөдөр БНХАУ-ын Жиаюгуан хотод болж, зарим төрлийн ялагчид тодорч эхлэв.
Улс дамнасан хамгийн том ралли болох “Торгоны зам” уралдааны мотоциклийн төрөлд Австралийн тамирчин Сандерланд ялагч боллоо. Мөн машины төрөлд авто раллигийн олимп гэгддэг “Дакар ралли”-гийн гурван удаагийн аварга, авто спортын дэлхийн аварга Катарын Нассер Ал Аттияагийн багийнхан ялагч болсон байна.
ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхлүүлсэн “Торгоны зам 2019” уралдаан Монголын нутгаар долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд болсон. Энэ үеэр уралдаанд оролцогчид болон 40 гаруй орны багийн төлөөлөгч Хөшигтийн хөндийд байрлаж, бэсрэг наадам үзэж сонирхжээ.
Энэ удаагийн уралдаанд Монголын талаас автомашин болон мотоциклийн төрөлд нийт 12 тамирчин оролцож байгаа бөгөөд нэгдсэн дүн маргааш гарна.
БНХАУ-ын Алашань, Жиаюгуан хотуудад болж буй уралдааны фото агшнаас хүргэе.