ОБЕГ: Долдугаар сард хэт хална | News.MN

ОБЕГ: Долдугаар сард хэт хална

ОБЕГ: Долдугаар сард хэт хална

НААДМЫН ӨДРҮҮДЭД 15 ХҮН ГОЛ УСАНД АМИА АЛДЖЭЭ

ОБЕГ: Долдугаар сард хэт хална

Онцгой байдлын ерөнхий газраас /ОБЕГ/  өнөөдөр /2019.07.16/  үер, усны осол, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл хийлээ.

Тус байгууллагаас Үндэсний их баяр наадмын өдрүүдэд төв, орон нутгийн давхардсан тоогоор 5272 алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 34, объектын гал түймрийн 18, ой хээрийн түймрийн долоо нийт 59 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Тухайлбал баяр наадмын амралтын өдрүүдэд нийслэл болон орон нутагт   голын эрэг дагуу амарч зугаалж  явсан 15 хүн амиа алджээ. Хамгийн харамсалтай нь үүнээс гурав нь бага насны хүүхэд байгаа юм. Түүнчлэн он гарсаар өнөөдрийн байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн таван дүүрэг нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна. Үүний 47 нь том хүн, найм нь бага  насны хүүхэд байжээ.

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ОЙ ХЭЭРИЙН ЗУРГААН ТҮЙМЭР ГАРЛАА

Ой хээрийн түймрийн талаар ОБЕГ-ын   гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Баяр наадмын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумын нутагт долоон  удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Түймэр гарсан газруудад хуурайшилт ихтэй байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Мандал суманд нэг , Алтанбулаг суманд нэг  гал түймэр гарч байна. Түймрийн бүсэд 101 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр нисдэг тэргээр 24 албан хаагч очих гэж байна.

Түймрийн бүс нь машин техник очих боломжгүй алслагдсан өндөрлөг бүсэд гарч байгаа учраас албан хаагчид явганаар очиж байгаа. Энэ сарын 12-ны өдрийн 18.10 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн урагш 20 км Хэрх багийн нутаг “Нарийн даваа” гэдэг газар  ой хээрийн түймэр гарсныг мөн өдрийн 21.40 цагт цурманд оруулж долдугаар сарын 13-ны өдөр бүрэн унтраасан. Амралт зугаалгад явж байгаа иргэд та бүхэн ил гал гаргахгүй байх, гаргасан тохиолдолд сайтар унтрааж байхыг сэрэмжлүүлж байна” гэв.

ДОЛДУГААР САРД ИХЭНХ НУТГААР ХАЛНА

ОБЕГ-ын Мэргэжлийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Л.Тамир “Баяр наадмын өдрүүдэд давхардсан тоогоор онцгой байдлын  5272 албан хаагч ажиллалаа. Онцгой байдлын газраас иргэд олон нийтэд чиглэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүр өгсөөр байгаа боловч иргэд төдийлөн хайхрамжгүй хандаж байна. Үүнээс үүдэн осолд орж эндэж байгаа иргэдийн тоо буурахгүй байна.

Гол,усны осол нь ихэвчлэн  иргэдийн анхаарал болгоомжгүй  байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй. Долдугаар сард ихэнх нутгаар халж, хуурайшилт ихтэй байх учраас болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлэх, амарч зугаалах үедээ ил гал, нурмаа сайтар унтрааж байхыг сэрэмжлүүлж байна” гэлээ.

 ИЙМД:

  • Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
  • Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарах,
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, ялангуяа хүүхдүүд янз бүрийн хийлдэг завь, хийлдэг гудастай усанд орж эргээсээ холддог, энэ нь усанд осолдох шалтгаан болж байна.
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж