Улаан өнгийн хувцсаар гоёсон, хааны албатууд 800 жилийн турш хадгалагдсан уламжлал ёсоор Темза голын эрэг дээр Их Британийн Хатан хааны мэдлийн хунгуудыг тоолох ёслолын арга хэмжээ даваа гаригт эхэлсэн байна.
Хатан хааны хун тоологч Дэвид Барбер "Бид бүх хунг уснаас гарган, эрэг дээр аваачиж, жинлэж, хэмжиж, ямар нэг гэмтэлтэй байгаа эсэхийг нь шалгадаг" хэмээн “Reuters” агентлагт мэдээлжээ. Түүний хэлснээр, 1800 оны дунд үеэс хойш Хатан хааны хунгийн тоо толгойд төдийлөн өөрчлөлт ороогүй аж.
Нохойн дайралтын улмаас үүрээ эвдүүлж, загас агнууртай холбоотойгоор бэртэж гэмтсэний улмаас олон хун үхжээ. Хунгийн тооллого Лондон хотын баруун хойд хэсэгт орших Санберигээс эхэлсэн бөгөөд ирэх баасан гаригт Их Британийн нийслэлээс баруун зүгт орших Оксфордшир дэх Абингдон гүүр хүрээд дуусах аж.
Хатан хаан Элизабетагийн эрхэмсэг хунгууд Темза голд тусгай хамгаалагчийн халамж асаргаанд байдаг бөгөөд Их Британийн бүх гол мөрөнд байх халим, дельфин, аварга загасууд ч Хатан хааны эзэмшилд багтдаг байна. 1324 онд II Эдвард хаан улсынхаа нутаг дэвсгэрт байх бүх гол мөрний халим, аварга загасуудыг хааны мэдлийнх гэж тунхагласан нь өнөө хүртэл хүчин төгөлдөр үйлчилдэг ажээ.
Эх сурвалж: THE REUTERS
Холбоотой мэдээ