“Financial Times” сэтгүүл өнөөдрийн /2019.07.16/ дугаартаа Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, дахин нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон талаар мэдээллийг онцолжээ.
Энэхүү мэдээлэлд дурдсанаар Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хөрсний нөхцөл байдал төлөвлөснөөс хүнд илүү эрсдэлтэй байгаа учир тус төслийн ашиглалтад орох хугацааг хойшлуулж, дахин төлөвлөлт шаардлагатай болсон гэж Рио Тинто компани үзэж байгаа аж.
Анх төлөвлөснөөр бол Оюутолгойн гүний уурхайг 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд ашиглалтад оруулах байв. Харин дээрх шалтгааны улмаас энэ хугацаа 16-30 сараар сунгагдах болсон төдийгүй хөрөнгө оруулагчдаас босгосон нийт 5,3 тэрбум ам.долларын зардал дахин 1,2-1,9 тэрбум ам.доллараар нэмэгдэх бодит эрсдэл үүссэн тухай Англо-Австралийн Рио Тинто компанийн Өсөлт, инноваци хариуцсан эрхлэгч Стефен Макинтош мэдээлжээ. Гэхдээ төслийн бүтээн байгуулалтын шинэ төлөвлөлтөд шаардагдах нэмэлт зардлыг ирэх оны хоёрдугаар хагас гэхэд эцсийн байдлаар танилцуулах юм байна.
Рио Тинто компани Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюутолгойн төсөлд шууд хувь эзэмшдэггүй бөгөөд уг төслөөс жил бүр 550 мянган тонн зэс олборлохоор төлөвлөсөн. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж чадвал уг төсөл нь дэлхийд гуравт орох том зэсийн эх үүсвэр болох билээ. Оюутолгой компанийн 66 хувийг Рио Тинто өөрийн охин компани болох 50,8 хувийн эзэмшил бүхий Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс”-аар дамжуулан эзэмшдэг. Харин үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг юм. Монголчуудыг хувьд маш эмзэг, маргаантай асуудлуудын нэг болсон Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл ийнхүү хойшлох болсон нь мэдээж сайхан мэдээ биш билээ.
Эх сурвалж:FINANCIAL TIMES
Холбоотой мэдээ