Наран ургах Дорнод нутаг 1966 оноос хойш 53 жилийн дараа начингаас дээш цолтноо өлгийдөн авлаа. Монгол орны зүүн хязгаар Дорнод нутгаас үеийн үедээ олон шилдэг бөхчүүд халх даяар хүч чадал, уран хурц барилдаанаараа гайхагдаж байсан. Хуучин засгийн үед Сэцэн хан аймгийн Сэн бэйсийн хошуу (одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сум, Хэрлэн гол орчим)-ны сорилгоос Д.Гомбожав аварга, ах дүү даншгийн аварга О.Гэлэгсэнгэ, О.Дугар, н.Ёндонжунай арслан, Т.Лувсан заан, н.Даш заан, н.Нэрэн начин гээд олон шилдэг бөхчүүд төрөн гарсан. Хожмоо Ардын төрийн наадамд Ш.Гэлэг арслан, Л.Балсан арслан, У.Дамчаа арслан, Х.Өлзийсайхан арслан, Л.Жаргал заан, Д.Гонгор заан, Ч.Дугарсүрэн заан, Д.Түвшин заан гээд Дорнод нутгийн хүчит бөхчүүд ид хаваа гайхуулан, уран хурц барилдаанаараа хүч үзэн барилдаж байсан.
Харин залуу бөх Д.Түвшин 1966 оны Ардын хувьсгалын 45 жилийн ойн баяр наадмаар улсын заан (арслан) Г.Дэмүүлээр тав, улсын арслан У.Мижиддоржоор зургаа, улсын аварга С.Цэрэнгээр долоо даван их шөвөгт шалгарч шууд заан цол хүртсэнээс хойш Дорнод нутгаас начин цолтноос дээш цолтон төрөлгүй 53 жилийг үджээ. Тэгвэл энэ жил Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат 27 настай залуу начин Доржийн Анар урамтай сайхан барилдаж, бөх сонирхогчдын цолоо ахиулна гэсэн итгэлийг зүтгэлээр хариулан 6 даван улсын харцага цолонд хүрлээ. Улсын наадмын гурвын даваанд а.а С.Очирбатыг, дөрвийн даваанд өөрийн дотны найз у.н Б.Серикийг, тав дээр Д.Амарсайхан начинг, зургаа дээр 3 жилийн өмнө энэ даваанд тунан барилдан унаж байсан у.х Б.Бат-Өлзийг даваад зааны даваа болох долоогийн даваанд энэ жилийн түрүү бөх у.а Э.Оюунболд (аварга)-д өвдөг шороодсон.
Шинэхэн харцага Д.Анар энэ цагийн залуу бөхчүүд дундаа хатуу “самар” болоод байна. Энэ он гарсаар өөрөөсөө дээш цолтнуудтай эн тэнцүү хүч үзэж тогтмол шөвгөрч байсан. Улсын наадамд тунаж цолоо ахиулна гэдэг тун амттай бас чанартай. Ирэх он жилүүдэд улсын наадмын зүлэг ногоон дэвжээнээ улсын харцага Д.Анар наран ургах Дорнод нутгаа дуудуулан цолоо ахиулан, улам дээшээ барилдах нь гарцаагүй болов уу?
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ