Walt Disney компани өнгөрсөн зуунд туурвиж байсан бүтээлүүдээ шинэчлэн, үзэгч олонд бэлэг барьж байгаа билээ. Тухайлбал, "Араатан ба гоо үзэсгэлэн", "Үнсгэлжин", "Дамбо", "Алладин" хүүхэлдэйн кино уран сайхны кино хэлбэрээр үзэгчдэд хүрсэн бол "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар долдугаар сарын 19-нд нээлтээ хийх гэж байна. Түүний араас "Малефисент"-ийн шинэ анги, "Мулан" зэрэг уран сайхны кинонууд нээлтээ хийхээр хүлээж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногоос анхны трейллер нь үзэгчдэд хүрч эхэлсэн.
Тэгвэл Walt Disney уран бүтээлчид дараагийн ажилдаа оржээ. Тэд "Лусын дагина" хүүхэлдэйн киног уран сайхны хэлбэрт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд долдугаар сарын 04-нд гол дүр болох Ариэлийн дүрд тоглох жүжигчнийг тодруулсан нь дэлхий дахинд шуугиан дэгдээв. Учир нь, Ариэлийн дүрд өнгөт арьстан жүжигчин Хэлли Бэйли тоглохоор болсон нь ийнхүү дэлхий нийт цочирдон хүлээн авсан бөгөөд эдгээр өдрүүдэд нийгмийн сүлжээнд #NotMyAriel хөдөлгөөн өрнөжээ.
Just Announced: Halle Bailey has been cast in the upcoming live-action reimagining of The Little Mermaid. https://t.co/YnLAdbZSmN pic.twitter.com/Y4B0ZKfuIr
— Disney (@Disney) July 3, 2019
Харин Disney компани дээрх шуугианд тайлбар хийхдээ "Бид жилийн өмнөөс Ариэлийн дүрд тоглох өнгөт арьстан эсвэл латин америк жүжигчин хайж байгаа тухайгаа зарласан. Тухайн үед энэ мэдээлэлд хэн ч анхаарал хандуулаагүй. Үүнээс гадна, өнөөдөр АНУ-ын кинотеатрын үзэгчдийн дийлэнх нь өнгөт арьстан хүүхдүүд байна. Тэд өөрсөдтэйгөө адил хүүхэлдэйн баатартай болохыг хүсдэг. Тэдний сэтгэлзүйн онцлогийг харгалзан үзэж, маркетингийн судалгаа явуулсны үр дүнд ийм шийдвэр гаргасан" гэжээ.
Гэхдээ Disney-ийн түүхэнд өнгөт арьстан гүнж байсан. Тухайлбал, Тиана. Мөн Хятад гүнж – Мулан, Индиан гүнж Покахонтас зэргийг дурдаж болно. Тэд анхнаасаа үзэгчдийн өмнө өнгөт арьстан гүнж, ази гүнж зэргээр гарч ирсэн. Харин Ариэлийн хувьд бол өөр. "Лусын дагина" хүүхэлдэйн кино анх 1989 онд үзэгчдэд хүрсэн бөгөөд тухайн үед Ариэл бол улаан үст, цагаан арьст гүнжийн дүрээр гарч ирсэн. Иймээс Ариэл гэхээр тухайн үеийн дүр төрх үзэгчдийн сэтгэлд буух нь тодорхой.
dream come true… 🧜🏽♀️🌊 pic.twitter.com/sndjYUS6wO
— chloe x halle (@chloexhalle) July 3, 2019
Disney компани дан ганц "Лусын дагина" хүүхэлдэйн киноны гол дүрийг өөрчилж байгаа бус. Тус компани дээрх нөхцөл байдал, маркетингийн судалгааны үр дүнд өнгөрсөн зуунд бүтээсэн уран бүтээлээ шинэчлэн, үзэгчдэд хүргэхдээ орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогийг харгалзан зохиол, гол дүрд өөрчлөлт оруулж байгаа бөгөөд тусгай эффект хүртэл ашиглаж байгаа гэв. Тухайлбал, "Нойрсож буй гүнж" хүүхэлдэйн киног уран сайхын хэлбэрт оруулахдаа Малефисент хэмээн нэрлэж, хорон санаат шулмыг хайр татам харагдуулж, хааныг нь тэнэг хүний дүрээр илэрхийлсэн билээ. Мөн "Араатан ба Гоо үзэсгэлэн" хүүхэлдэйн киног уран сайхын хэлбэрт оруулахдаа номын санчийг өнгөт арьстан, ижил хүйстнээр дүрсэлсэн. Энэ мэтчилэн Disney уран бүтээлийнхээ зохиол, дүр зэрэгт өөрчлөлт оруулж байгаа бөгөөд өмнөх хувилбараар нь хүмүүст хүргэх нь сонирхолгүй, орчин үеийн үзэгчдэд зориулж уран бүтээлээ шинэчилж байгаа хэмээн тайлбарласан байна.
Disney компани "Араатан ба Гоо үзэсгэлэн" хүүхэлдэйн киног уран сайхны хэлбэрт оруулсан нь маш их амжилт олсон тул энэхүү туршлага дээрээ үндэслэн 2016 онд "Лусын дагина" хүүхэлдэйн киног уран сайхны хэлбэр оруулахаар шийджээ. Одоогоор "Лусын дагина" уран сайхны кинонд тоглох бусад дүрийн жүжигчид тодорхойгүй байна. Ямартай ч гол дүр Ариэлд өнгөт арьстан жүжигчин тоглох болсон нь ийнхүү шуугиан дэгдээж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгэв.
"Лусын дагина" хүүхэлдэйн кино 1990 онд "Оскар" болон "Алтан бөмбөрцөг" шагнал хүртэж байсан бөгөөд тухайн үед 211 сая ам.долларын ашиг орлого олжээ.
Эх сурвалж: Koreantimes.com.kr, RT.com, Gazeta.ru
Холбоотой мэдээ