Авто спортын “Торгоны зам-2019” авто раллигийн уралдаан ОХУ, Монгол, БНХАУ-ын нутгийг дамжин 10 үе шаттай 5000 гаруй км зайд явагдаж байна. Энэ сарын 6-нд эхэлсэн уралдаан 16-ны өдөр БНХАУ-ын Гансу мужийн Дунхуан хотноо барианд орсноор өндөрлөнө. Уралдаанд 36 улсын 97 тамирчин хүнд даацын ачааны автомашин, мотоцикл болон суудлын автомашины төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхлүүлж 2 гараа ОХУ-ын нутаг дэвсгэр дээр явагдсан. Монголын нутагт энэ сарын 10-нд орсон ирсэн “Торгоны зам-2019” уралдаан ОХУ-ын Улаан-Үд – Улаанбаатар, Улаанбаатар, Улаанбаатар – Мандалговь, Мандалговь – Даланзадгад, Даланзадгад – БНХАУ-ын Баянбулаг гэсэн чиглэлд 13-ны хооронд болсон.
Уралдаан 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт Баянбулаг – Алшагийн чиглэд 8 дахь гараа явагдаад байна. Өчигдөр тамирчид 786.11 км зайд уралдаж мотоциклын төрөлд 2018 оны Дакар раллигийн дэд аварга Аргентины Кевин Бенавидес, суудлын автомашины төрөлд Дакар ралли уралдааны 3 удаагийн аварга Катарын Нассер Аль-Аттия, ачааны автомашины төрөлд Беларусын тамирчин Шиархей Виазовичийн экипаж тэргүүн байр эзэлжээ. Маргааш тэмцээний 9 дэх гараа Алашагаас Жиан Юу Гуаны хооронд 501.20 км-н зайд болно.
Энэ удаагийн “Торгоны зам-2019” уралдаанд раллигийн хамгийн том тэмцээн болох Дакар ралли уралдааны ачааны автомашины төрлийн 7 удаагийн аварга В.Чагин, суудлын автомашины төрлийн 3 удаагийн аварга Нассер Аль-Аттия нарын шилдэг тамирчид оролцож байгаа нь тэмцээний цар хүрээ, нэр хүнд ямар өндөр байгааг илтгэж байна.
Холбоотой мэдээ