Цэнгэлдэх хүрээлэн: “Emirates” цэнгэлдэх хүрээлэн 60,260 хүний суудалтай
- Дасгалжуулагч: Унай Эмери (Испани)
- Багийн ахлагч: Лоран Кошельни (Франц)\
- Лигийн аварга: 13 удаа
- Цомын аварга: 13 удаа (Английн рекорд)
- Холбоодын цом: 15 удаа
- Лига кап цом: 2
- Европын тавцанд үзүүлсэн амжилт: цомтой багуудын цомын аварга 1
Английн Лондон хотын Арсенал клуб 22 жилийн дараа шинэ дасгалжуулагчтай өнгөрсөн 2018-2019 оны улирлыг үдлээ. Тус клубыг 22 жил удирдсан Франц дасгалжуулагч А.Венгер ажлаа Испани мэргэжилтэн У.Эмерид үлдээгээд явсан бөгөөд Испани мэргэжилтэн эхний улиралдаа багагүй сорилт, бэрхшээлийг туулсан. Дасгалжуулагч У.Эмери Арсеналыг удирдсан эхний улирлын эхлэлийг Манчестер Сити, Челси клубуудэд дараалан хожигдож эхлүүлсэн. Гэхдээ Арсенал ТОП-6 багийн 5 багуудаасаа Манчестер Юнайтед, Тоттенхэм Хотспур болон Челси клубуудыг хожсон гэхэд муугүй. Лигтээ 38 тоглолт хийснээс 21 хожиж, 7 тэнцээ, 10 хожигдолтойгоор 70 оноотой хүснэгтийн 5-р байранд бичигдэж Европа лигийн эрхтэй үлдсэн. Хэрвээ тэд улирлын эхний хагаст Сити, Челси клубуудэд хожигдсоныг эс тооцвол маш сайн тоглосон. Хэрвээ 4 сарын сүүлээр хийсэн өөрөөсөө “зиндаа” доогуур Кристал Палас, Волверхэмптон Вондерерс, Лейстер Сити, Брайтон Хоу энд Альбион багуудыг хожсон бол аваргуудын лигийн эрхийг ч авах боломжтой байсныг онцлох ёстой.
Өнгөрсөн улирал шинэ дасгалжуулагч У.Эмери багаас Ж.Уилшер, С.Касорла, Л.Перез нарын тоглогчдыг явуулсан бол П.Обамеянг, Х.Мхитарян, С.Папастатопулос болон Л.Торрера гэсэн хэд хэдэн тоглогчдыг эгнээндээ нэгтгээд амжсан. Харин энэ зун одоогийн байдлаар түүний багаас хаалгач П.Оспинаг Наполи руу, А.Рамсег Ювентус руу явуулсан бол Д.Уэлбек, С.Лихтштайнер нартай гэрээгээ сунгаагүй, хаалгач П.Чех зодог тайлаад байна. Зөвхөн ганцхан тоглогч ирсэн нь Бразилаас 18 настай довтлогч Г.Мартинелли юм. Зуны солилцоо наймааны цонх хаагдах болоогүй байгаа тул дахин хөдөлгөөн болох байх. Ямартаа ч багийн ахлагч Л.Кошельни болон дэд ахлагч М.Өзил нарын ирээдүй тодорхойгүй хэвээр байгаа.
Лондон хотын Арсенал клуб П.Гуардиолатай Манчестер Сити, Ю.Клопптой Ливерпүүл болон М.Поччетиногийн Тоттенхэм, Ф.Лампардын Челси болон О.Сульшертай Манчестер Юнайтед клубуудтэй ТОП түвшиндээ өрсөлдөх гэвэл бүрэлдэхүүнээ илүү зузаан болгох ёстой. Ямартаа ч энэ бүрэлдэхүүн ТОП түвшинд хангалттай өрсөлдөх хэмжээнд биш байгааг У.Эмери болон багийн эзэн С.Кронкод нар хангалттай харсан болов уу? Хаалган дээр П.Чех, Д.Оспина нараас илүүтэй Б.Ленод бүрэн итгэл үзүүлж байгаа бол хамгаалалт багийн ахлагч ямар шийдвэр гаргахаас ихээхэн шалтгаална. Хэрвээ Л.Кошельни, М.Өзил нар багаас явбал тэдний хэмжээний тоглогчдыг авчрах болно. Ямартаа ч солилцоонд тоглогч явуулснаас өөрөөр идэвхигүй байгаа Арсенал клуб наймааны цонх хаагдахаас өмнө зайлшгүй ажиллах шаардлагатай. Хэрвээ ирэх улиралд аваргуудын лигийн эрхийг авч чадахгүй бол дасгалжуулагч У.Эмеригийн ирээдүй бүрхэг болохыг ч үгүйсгэхгүй юм. Арсенал клуб улирал эхлэхээс өмнө Бавари Мюнхен, Реал Мадрид, Барселона болон Фиорентина гэсэн Европын шилдэг багуудтай “бие” халаалт хийснээр шинэ улиралтай золгоно. Улирлын эхний тоглолтоо Ньюкасл клубтэй хийснээр эхлүүлэх бөгөөд улирлын өмнөх цугларалтаа АНУ-ын Лос-Анжелест эхлүүлээд байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ