АСЕМ: Үнэ цэнэ, имиж гэдэг зоосоор хэмжигдэх эд биш

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

АСЕМ: Үнэ цэнэ, имиж гэдэг зоосоор хэмжигдэх эд биш

АСЕМ: Үнэ цэнэ, имиж гэдэг зоосоор хэмжигдэх эд биш

Өнөөдрөөс гурван жилийн өмнө Монголын Улаанбаатар хот дэлхийн мэдээллийн сувгуудын анхаарлын төвд байсан юм. 2016 оны долдугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний XI уулзалт болсон юм. Дэлхийн 50 гаруй орны өндөр дээд хэмжээний 4000 орчим төлөөлөгчийг эх нутагтаа хүлээн авч, өндөр сэтгэгдэлтэй үдэж чадсан юм.

“Монголын нийслэл Улаанбаатараас мэдээлэв” гэсэн тодотголтой мэдээ, сурвалжлагууд өчигдрөөс дэлхийн мэдээллийн агентлагуудын туузаар хөвөрч, телевизийн дэлгэцээр л хардаг дэлхийн бодлого тодорхойлогч улстөрчдийг дэргэдээс нь “оригоор” нь Улаанбаатартаа харах бахархмаар байсан.

Ази, Европын 51 орон, Европын холбоо болон АСЕАН-ы 4000 гаруй төлөөлөгч уулзалтын албан ёсны арга хэмжээнд оролцохоор харин тэдний юу хэлэлцсэнийг сурвалжлахаар 600 гаруй сэтгүүлч Улаанбаатарт бужигнаж байсан. Мөн зарим орноос бизнесийн өргөн төлөөлөл ирсэн гээд бодохоор тэдгээр өдрүүдэд Улаанбаатар маань даруй 5000 орчим гадаадынхан зочныг хүлээн авч үдсэн байдаг юм. Эрт эдүгээгээс Монголын газар шороон дээр ийм олон гадаад орны гийчид нэгэн дор хөл тавьж, түмэн хэлээр шулганалдаж байсангүй. Түүхийн сурвалж бичигт Гүег хааныг хаан ширээндээ өргөмжлөгдөх ёслолд уригдан ирсэн зочин гийчдийн тоог 4000 хэмээн бичсэн байдаг ажээ.

Монгол Улс жилдээ дунджаар 4-5 өндөр дээд хэмжээний айлчлалыг хүлээж авдаг байсан бол тэр хоёр өдөрт нэгэн зэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ, Япон, Сингапур, Вьетнамын Ерөнхий сайд айлчилсан нь Монголын гадаад харилцааны түүхэнд анх удаа байлаа.  

Зөвхөн Монголын төдийгүй тэр хоёр өдөр дэлхийн дипломатын төв болсон. Нэгэн дор хуран цугларсан дэлхийн 50 орны төр, засгийн тэргүүн, сайд нар Монголын төр, засгийн тэргүүнтэй уулзахаас гадна өөр хоорондоо хоёр талын уулзалт хийх боломжоо алдаагүй. Угаас улс орны гадаад харилцаа гэдэг албан ёсны төлөвлөж, товлосон айлчлалаас илүүтэй зөрөөд өнгөрөхөд, мэндлээд салах боломжийг алдахгүй зөв үгийг дуулгаж байж бүтэмжтэй байдаг ажил, тэр тусмаа манай Монгол шиг жижиг улсын хувьд. Энэ чадварыг гарамгай эзэмшсэн нэгэн бол яах аргагүй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. Дэлхийн бодлоготонгуудыг Улаанбаатарт цуглуулж чадсан гавьяа бол Ц.Элбэгдоржийнх.  Энэ түүхэн арга хэмжээний ач холбогдлыг зориуд бүдгэрүүлэх оролдлого Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ажлаа өгснөөс хойш тууштай явж байна.

АСЕМ-аас өмнө нь, АСЕМ-аас хойш ч энэ арга хэмжэээний ач холбогдол юу байв гэж асуух хүн олон байна. Туурга тусгаар Монгол Улс дэлхийн тоглогч байж чадна гэдгээ харуулсан нь хамгийн гол ач холбогдол.

Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог Монгол улс эх дэлхийгээ амар амгалан байлгах их хэрэгт дуу хоолойгоо нэмэрлээд зогсохгүй, хуруугаа хөдөлгөж чадна гэдгээ харуулсан. Хэдийгээр өөр хоорондоо толхилцдог ч, өөрсдийн буруугаас эдийн засгаа элгээрээ мөлхүүлсэн ч, хаа нэгтээ очоод дур зоргоороо бурж орхидог ч эцсийн эцэст эх орноо гэсэн эрх ашигт зангилагдаж чаддагаа нотолсон.

Чингисийн Монгол гэсэн имижийг орчин цагийн ардчилсан Монгол гэсэн имижээр сольж чадсан.

Найман зууны тэртээ эдүгээгийн монголчуудын өвөг дээдэс өнгөрсөн өдрүүд шиг газар газрын түмэн хэлтнийг нэгтгэн цуглуулж чадаж байсан монголчуудын омогшил одоо ч хэвээр гэдгийг дэлхий нийт харлаа. Монголын сайхан орон, нүүдлийн ёс заншлаа хадгалан үлдсэн ард түмэн гэдэг тодорхойлолтууд зүгээр нэг үг биш гэдгийг мэдрүүлж чадсан. Ач холбогдол гэдгийг зөвхөн мөнгөн дүнгээр, халаасанд шажигнах зоосны ашгаар харах өрөөсгөл. Үнэ цэнэ, имиж гэдэг бол зоосоор олддог эд биш.

Д.НАРАНТУЯА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
27
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж