Харамсал дагуулсан хайхрамжгүй монгол зан

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Харамсал дагуулсан хайхрамжгүй монгол зан

Харамсал дагуулсан хайхрамжгүй монгол зан

Хүүхдүүд усанд живсэн, машинд дайруулсан гэх аймшигт мэдээ өдөр алгасалгүй дуулдах боллоо. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд, томчуудын хайхрамжгүй хэнэггүй зангаас болж бага насны хүүхэд гэмтсэн, амиа алдсан золгүй тохиолдлууд буурахгүй байгааг дараах жишээнээс харж болно. Баяр наадмын өдрүүдэд  ийм төрлийн гэмт хэргийн дуудлага тасраагүй байна. Тухайлбал, баяр наадмын үеэр согтуу эмэгтэй майханд унтаж байсан хоёр нялх хүүхдийг машинаар дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг бүртгэгджээ.  Дорнод аймгийн Цагаан-овоо суманд машинд 2019 оны долдугаар сарын 13-ны өдрийн 06:03 цагт тус сумын нутаг дэвсгэр Гүн цэнгэлэг нэртэй нуурын эрэгт 25 настай О гэх эмэгтэй согтуугаар автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхныг дайрч гарчээ.

Гэтэл уг майханд  зургаа, долоон сартай хоёр хүүхэд унтаж байсан бөгөөд ослыг улмаас тэд амиа алдаж, гурван хүн гэмтсэн харамсалтай хэрэг бүртгэгдсэн юм байна.

Үүнээс  хоёр долоо хоногийн өмнө гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай хүү тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 2019 оны зургадугаар сарын 25-нд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын орчимд энэ хэрэг болжээ.   Осол болсон өдөр хүү нагац эгчийнх рүүгээ ээжийгээ дагаж явсан байна. Ингээд ээж нь гэрт байх зуур хүү айлын хүүхдүүдтэй тоглож байгаад цахилгаанд цохиулжээ. Хашаанд хоёр гэр байсан аж. Нэг айлаас нөгөөх рүү цахилгаан татаж, утсыг газраар явуулж, залгаа хэсэг дээр нь төмөр тавьж “хамгаалсан” байж. Улмаар бороо орж, газар норсны дараа тоглож явсан хүү бүдэрч унан төмөрт хүрснээр цахилгаанд цохиулсан бололтой. Хэрэвзээ, томчууд хариуцлагатай байсан бол хүү амьд байх байв.

Бас нэг харамсам жишээ. Энэ сарын 6-ны өдөр алга болсон хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алдсан байдалтай олджээ. Хэнтий аймгийн Аварга тосон сувилалд амарч явсан зургаан настай М нь эмээтэйгээ амарч яваад оройн 19.00 цагийн орчимд алга болжээ. Охиныг алга болсон даруйд, онцгой цагдаагийнхан нийлэн хайсан бөгөөд охин амралтын газраас 60 метрийн зайд нүхэн жорлонд унаж амиа алдсан ажээ.

Үүнээс гадна золгүй байдлаар усанд эндсэн хүүхдүүдийн тоо буурсангүй. Тухайлбал, энэ оны зургадугаар сарын 29-ны өдрийн 19.00 цагийн орчимд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт нэг болон гурван настай хоёр эрэгтэй хүүхэд Жавхлан голын эрэг орчимд усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм байна. Хүүхдүүд ээжийгээ ус авахын хооронд нүд ирмэхийн зуургүй ширүүн урсгалд энджээ. Энэ нийгэмд хамгийн хүнд хэцүүг үүрч байгаа хүмүүс магадгүй хүүхдүүд байх. Ингэж хэлэхээр санал нийлэхгүй хүн олон гарах нь мэдээж. Гэхдээ яах аргагүй томчууд бидний хайнга алдаа, харалган бодол, халамжгүй байдал алив бүхний золиосонд хүүхдүүд хохирч байдаг нь үнэн. Гэтэл хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд, хайр халамжаар дутаалгүй өсгөх талаар эцэг, эхчүүд ч тэр, төр засаг ч тэр хангалттай анхаардаггүй.

Ниргэсэн хойно нь хашхирдаг Монголчууд “Хүүхдийн төлөө за” хэмээн дуугараад ч энэ харалган нийгмийн золиос нь хүүхдүүд болоод хувирчихжээ. Гэмт хэрэг, хүчирхийллийн хамгийн том золиос нь хүүхэд болж, жил ирэх тусам үзүүлэлт нь нэмэгдэж байгаа шалтгаан нь төрийн байгууллагын уялдаа холбоо, хүүхэд хамгааллын бодлого, эцэг эхчүүдийн эрх үүрэг, хариуцлагатай холбоотой. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 554 бүртгэгджээ.

Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас хүүхэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй. Сүүлийн гурван жилийн хугацаанд 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэх хэргийн улмаас хохирсон байна.  Харин зам тээврий ослоор жилд 50 хүүхэд амь насаа алддаг бөгөөд хүүхдүүд ихэвчлэн зодолдох танхайрах, булаах, хүчиндэх гэх хэргийг хохирогч болж буйг ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан мэдээлсэн байна.

Үүнээс үзэхэд өнөөгийн нийгэмд хүүхдийн эрхийн асуудал ямар хэмжээнд хүрсэн нь харагдаж байна. Тэдэнд сурч боловсрох бүү хэл тоглох ч эрх хязгаарлагдмал байна. Үүний хамгийн тод жишээ тэд зүгээр л тоглох гэж гараад аав ээждээ дахиж хэзээ ч ирэхгүйгээр одсон дээрх хүүхдүүд. Гэвч энэ бүх бурууг нийгэм рүү чихэх нь өрөөсгөл ойлголт. Таны завгүй гэх шалтгаан, анхаарал халамжгүй цаг мөч бүхэн хүүхдээ эрсдэлд өртүүлж байдгийг та мэдэх үү?

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж