Дотоодын аялал тойрсон доголон гуниг

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Дотоодын аялал тойрсон доголон гуниг

Дотоодын аялал тойрсон доголон гуниг

Дэлхийд ганцхан дээлтэй монгол наадмаараа бид дэнж хотойтол наадлаа. Төв цэнгэлдэх, Хүй долоо худаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Туул гол,  Хөвсгөл далай, Өгий нуур гээд байгалийн үзэсгэлэнт газрууд ч бас наадамчин олны хөлд дарагдаж, түм түжгэнэж бум бужигнасан өдрүүд ард хоцорч байна. Харин наадамчин олны үлдээсэн хогон овоо  энэ бүхний гэрч болж үлдэх шиг.

Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ жил “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” нэртэй асар байршуулж, хогоо ангилан ялгаж хийсэн хүмүүсийг чихэр, даавуун тороор  урамшуулж байгаа нь харагдсан. Анх 2017 оноос эхлүүлсэн энэхүү аян үр дүнгээ өгч, хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгааг аяны зохион байгуулагч Н.Баясгаланчимэг хэлж байв. Эсрэгээрээ Хүй долоо худагт иргэд майхнаа барьж, наадамласныхаа дараа хогоо таарсан газартаа хөглөрүүлчихээд явсан нь харагдсан.

Жилээс жилд дотоодын аялагчдын тоо өсөхийн хэрээр байгаль орчин бохирдсоор. Аялагч, зугаалагчдын тарьсан хог асуудал дагуулсаар. Үнэндээ монголчуудын тархин дахь хогийг цэвэрлэхгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Монголчууд өөрсдийгөө эх оронч гэж боддог. Харамсалтай нь, эх орноо хайрлах сэтгэл эх дэлхий, байгаль орчноо хайрлахаас эхэлдэгээ тэд мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Эх орон гэж хоосон цээжээ дэлдэгчид эсрэгээрээ байгаль дэлхий гудамж талбайд хамгийн их хог тарьдаг "орк"-ууд байдаг нь худлаа биш. Өөрийнхөө гэрээс гаргаад орц хонгилд хогоо хаядаг өнөөгийн Чингисийн монголчуудад сануулахад,  өвөг дээдэс маань бууриа цэвэрлээд нүүдэг байсан гэдэг.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их  баяр наадмын үеэр  Архангай аймгийн Өгий нуурыг зоригсод архи, ундааны лааз, цаас, баас шээсээ хаа сайгүй "хөглөрүүлж",   Гачууртын Хар усан тохой орчимд модны дор хогон овоо үүсгэсэн талаарх зураг сошиалд багагүй шүүмжлэл дагуулсан юм.  Мэдээж, компьютерийн цаанаас хэн ч эх оронч, хэн ч цэвэрч цэмцгэрээ гайхуулж чадна. Харин амьдрал дээр та тэдний нэг биш гэдгээ баталж, санаж явах ёстой болов уу.

Ялангуяа аялал зугаалгын улиралд дотоодын  аялагчид голын эрэг,  модны сүүдэр, амралт зугаалгын газар гэх мэт дуртай газраа архины шил, ундааны сав, тамхины иш гээд хог хаягдлаа овоолж, байгалийн унаган төрхийг алдагдуулдаг. Монгол хүн бол Монгол эх орны хорлон сүйтгэгчид гэж хэлэхэд ч буруудахгүй биз. Хэдийгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас жил бүрийн зургаа, долдугаар сард "Цэвэрхэн наадацгаая" аяныг орон даяар хэрэгжүүлдэг боловч нүдэнд харагдахуйц үр дүнгүй байгаа нь  иргэдийн ухамсартай холбоотой биз. Иргэдийн тархиндаа, сэтгэлдээ овоолсон хогийн цэвэрлэхгүйгээр тэд байгаль дэлхийд хогоо тарьсаар л байх биз.

Монголын Швейцарь” гэгддэг Хөвсгөл далай руу засмал зам тавигдсанаас хойш сүүлийн жилүүдэд аялагчдын тоо огцом өcч баяр наадмын өдрүүдээр 40-60 мянга хүртэл аялагчид ирдэг гэх. Харамсалтай нь, эх орны минь үзэсгэлэнт  хөх сувдыг эмгэнэлт хувь заяа хүлээх болсныг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүлсээр байна.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын өмнө хэсэг залуус хаашаа зугаалах тухайгаа ярьж байхыг нь санамсаргүй сонссон юм. Гурав, дөрвөөрөө хамт автобусанд сууж явсан тэдгээр найзуудын дунд Хөвсгөл далай явж үзээгүй бололтой нэг нь “Энэ жил хэдүүлээ наадмын тав хоногийн амралтыг дайруулан Хөвсгөл явъя” гэхэд хариуд нь “Хөвсгөл далай хүн ихтэй, тэгээд ч хог хаягдлаар дүүрэн, тухгүй болсон байна билээ” гээд Увсын Хяргас нуур луу аялахыг санал болгож байв. Нэг үетэй харьцуулахад, монголчууд бид амралт, аялал зугаалгаа хилийн чанадад биш эх орондоо хийж, энэ хэрээр Монголдоо мөнгөө шингээж байгаа нь сайшаалтай ч саар зүйл олон байгааг дээрх жишээ өгүүлнэ. Статистик мэдээллээр, 2016, 2017 онд хоёр сая гаруй монгол иргэн дотооддоо аялсан гэх тоон үзүүлэлт байгаа юм. Энэ нь гаднаас ирэх жуулчдаас гадна  дотоодын аялагчдын идэвх өндөр болсныг харуулж буй. Үүний тод жишээ нь, үндэсний их баяр наадмын өдрүүдээр бэлхнээ харагддаг. Хамгийн гол нь дотоод аялагчдад Хөвсгөл далай ээж, Хэнтий аймгийн Аварга тосон рашаан, Хар зүрхний Хөх нуур, Өгий нуур  гээд л байгалийн үзэмж сайхан цогцолсон газруудаар хог хаягдлаа үлдээдэггүй, нэгэндээ зөв шаардлага тавьдаг эх оронч сэтгэл дутагдаж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж