Наадмын дараах эмзэглэл

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Наадмын дараах эмзэглэл

Наадмын дараах эмзэглэл

Жил жилийн наадмын нээлт үзэгчдэд багагүй хүлээлт үүсгэж, тэр хэрээр ч тасалбар дээрх "нанчилдаан" наадмын өмнөх үзэгдэл болсон. Төсвөөс багагүй хөрөнгө зарцуулдаг наадмын нээлт яг үнэндээ уйтгартай, хайрцаглагдсан хэвээр байгааг Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл найруулсан өнөө жилийн  наадмын нээлтээс харж болно. Нөгөө л нэг үхэр тэрэг, морь мал, эртний баатарын дүрүүд. Ийм нээлтүүдийг үзсээр байгаад монгол наадамчид, гадаад жуулчид залхаж, уйдах болсон нь худлаа биш.

Найруулагч Г.Цоггэрэл хэвлэлд өгсөн яриандаа  “Би ард түмнийхээ хүсэн хүлээсэн наадмын тоглолтын саналыг ард түмнээсээ авч, нээлтийн тоглолтдоо оруулсан. Ард түмэн энэ тоглолтыг л хүссэн. Би энэ хүслийг нь биелүүллээ. Энэ бүхний ард гарсан гэж бодож байна. Энэ бол Үндэсний их баяр наадам учраас Үндэсний мюзикл” хэмээн хэлж байсан удаатай. Харамсалтай нь, жил жилийн наадмын нээлт тухайн үеийнхээ эрх баригчдын сэтгэлд таацуулах гэж, тухайн найруулагчийн өөрийнх нь үзэл бодол, улс төрийн өнгө аяз шингэдэг нь өнөө жилийн наадмаас ч харагдсан. 

Жилээс  жилд наадмын төсөв данхайж, сэдэв нь ядуурсаар байгаа наадмын нээлтийг яаж гоё болгох вэ,  яаж жуулчдыг нүдийг хужирлах вэ. Наадмын нээлтэд зарцуулах мөнгөний тоо өссөнөөс агуулга, жүжиглэлт, тоглолтын ур чадвар, утга өгүүлэмж сайжирсангүй. Ингээд ч зогсохгүй наадмын нээлтийн үйл ажиллагаанд хэрэглэсэн эд зүйлсээ наадам нь дуусаагүй байхад хог болгоод хаячихсан нь хогийн харагдаж байлаа. 

Тоон мэдээ дурдахад, үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өссөн байна. 2012 онд 870 сая төгрөгөөр, 2013 онд 1.5 тэрбумаар наадсан бол 2014 онд 2.2 тэрбум болж өсчээ. Ийнхүү наадмын төсөв хоёр тэрбумын босго давснаас хойш  2016 онд 2.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум 170 сая төгрөг болжээ. Энэ жил 2.9 тэрбум. Харин наадмын нээлтийг найруулга улам дордсоор. Сүржин бас даржин.

ТАСАЛБАРЫГ БҮГДИЙГ НЬ ОНЛАЙНААР ХУДАЛДААЛЧИХВАЛ БЭРХШЭЭЛ ТУЛГАРНА ГЭЖ ҮҮ?

Үүнээс гадна  энэ жилийн хувьд  нийтдээ 12 мянган тасалбар хэвлүүлснээс 6000 мянган тасалбарыг иргэдэд зарсан  бол үүнээс гадна  3000 тасалбарыг гадаадын жуулчдад худалдсан юм. Харин үлдсэн  3000 мянгыг төрийн байгууллагууд, тэдний урилгаар ирсэн гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид болон гадаадын Элчин сайдын яамдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд төлөөллүүдэд олгосон гэх. Гэхдээ   баяр наадам болохоор л 9000-хөн мянган  тасалбар борлуулах гэж хэдэн монголчуудаа талцуулж, хэрэлдүүлж, хонон өнжин нойрыг нь хугасладаг хүнд суртлыг халмаар байна.

Тасалбарыг бүгдийг нь онлайнаар худалдаалчихвал нэг их хүндрэл бэрхшээл тулгарна гэж бодохгүй байна. Билет борлуулдаг тусгай дугаарын утаснууд хангалттай л байна. Тун саяхан Төв цэнгэлдэх хүрээлэнд 20 орчим мянган монголчуудыг цуглуулж чадсан “Никитон” хамтлаг гэхэд л онлайнаар, мөн гадуур билет борлуулах цэг ажиллуулаад л асуудлаа шийдчихсэн шүү дээ.

НААДМЫН ТАЛБАЙ ХАР ЗАХ БИШ

Харин үлдсэн ганц асуудал бол Цэнгэлдэх рүү дотогш нэвтрэх тасалбаргүй иргэд хуушуур идэж, хөлөө амраахаас өөр газар, талбай тэдэнд үнэндээ алга. Наадмын уур амьсгалыг мэдрэх гэж цэнгэлдэх тойрч алхсан хүмүүст Нарантуул захыг санагдуулам байсныг нуух юун. Ер нь зах, худалдааны төвүүдэд байдаг гэр ахуйн бараанаас бусдыг энд худалдаалж байна. Наадамчид  баярлах гэж Төв цэнгэлдэх хүрээлэнд очдог болохоос оймс, гутал, жимс авахаар очдоггүй. Хамгийн гол нь наадмын талбай хар зах биш шүү дээ.  Халуун наранд шороотой замаар удаан явсан хүнд амрах сандал, сүүдрэвч хоёр л их үгүйлэгдэх юм билээ. Жилд ганц болдог наадмын үйлчилгээндээ анхаарах  цаг хэдийнээ болжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж