Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

76:1
"Кабины" сайд

“NEWS” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгаланг онцолж байна.


Энэ удаагийн парламентын гишүүдийн олонх нь анх удаа сонгогдсон шинэ гишүүд. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангийн хувьд ч гэсэн шинэ, анх удаа сонгогдсон гишүүн юм. Олон улсын харилцааны мэргэжилтэй түүнийг улс төрийн хүрээнд гэхээс илүү бизнесийн хүрээнийхэн “Мишээл” группийн ерөнхий захирал гэдгээр нь илүү сайн мэдэх биз ээ. 2008-2016 он хүртэл “Мишээл групп-ийг удирдсан тэрбээр ажил амьдралын гараагаа Аюулгүй байдлыг хангах ерөнхий газраас эхлүүлж байжээ. Тус газарт дөрвөн жил ажиллаад 1999 оноос эхлэн бизнесийн байгууллага удирдан ажилласан. "Мишээл" группийн эзэн Алтай хотод төрж өссөн ч 2016 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүргийн Нисэх орчмоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улс төрд орохоосоо өмнө намынхаа дэргэдэх аль нэг холбоо, болон арын албанд ажиллаж байгаагүй тэрбээр 2008-2016 онд НИТХ төлөөлөгчөөр ажиллаж эндээс улс төрийн карьер нь эхэлсэн.

Б.Энх-Амгалан сайдыг УИХ-ын гишүүн болоход тухайн үед намын даргаар нь ажиллаж байсан М.Энхболдын үүрэг роль өндөр байсан нь тодорхой. Нэг ёсны түүнийг хотын фракц байсан гэж тодотгож болно. Цагтаа УИХ-ын дарга асан М.Энхболдын ойрын хүн байсан тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр М.Энхболд даргыгаа мэтгэлцээнд бэлтгэх  үед өрсөлдөгч С.Ганбаатар болж жүжиглэж байсан нь тухайн үеийн бичлэгээс ил болсон. Ийн намын даргаа Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл бэлтгэж бүүрэг нийлж явсан тэрбээр УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурснаар өдгөө У.Хүрэлсүхийн фракц болсон. Энэ ч утгаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд нь хамгийн сүүлд орж ирсэн сайд нарын нэг нь. Тодруулбал, 2016 оноос хойш хоёр ч сайдын нүүрийг үзсэн Зам тээвэр, хөгжлийн яамны сайдаар өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан томилогдон очсон. Түүнд нам нь ивээл хишгээ хүртээж, ийнхүү сайдын суудлыг “бэлэглэсэн".

Түүний хувьд тус салбар бол мэргэжлийн бус шинэ хүн. Намынх нь Удирдах зөвлөлийн хуралдаанаар Б.Энх-Амгалан гишүүнийг сайдад дэмжсэний дараа тэрбээр хэвлэлийхэнд "Би энэ салбарт шинэ хүн биш. Би жолоочийн хүүхэд" хэмээн хэлж байсан юм. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан зам, тээврийн салбарын шинэчлэл, бодлогын өөрчлөлтөд онцгойлон анхаарч ажиллахаа сайд болсон даруйдаа мэдэгдсэн. Одоогоор түүний ажлыг дүгнэхэд хэт эртэднэ, ердөө тавхан сарын нүүр үзэж байна. Ямартай ч өмнөх сайд нарын эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа харагдана.

Хувь улс төрчийн хувьд нэг их онцгойроод байдаггүй ч хурц характергүй, даруухан, дуу цөөнтэй гэмээр харагддаг хэр нь УИХ-аар хэлэлцэж буй асуудалд нухацтай, бодит хандаж чаддаг. Энэ ч үүднээс намын даргадаа үнэлэгдэж сайдын сэнтийд очсон нь лав. Түүнтэй хамаатах элдэв муу нэр бараг байхгүй. Хаа нэгтээ чуулганы индэр дээрээс хэлж байгаа нь үг нь хатуу ч гэх үү, ёзтой ч гэмээр олон нийтийн дургүйцлийг хүргэх талтай. Тухайлбал, ЖДҮ-чдийг хамгаалсан үг тэрбээр хэлсэн нь хэсэгтээ шүүмжлэл дагуулсан. Түүний хувьд ЖДҮ-тэй холбогдоогүй ч ЖДҮ-тэй холбогдсон нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх үеэр “ЖДҮ гэдэг чинь зээл юм билээ шүү дээ. Зээл авсан 210 аж ахуй нэгжийн 10 гаруйтай нь л манай гишүүд холбогдсон. Тэр нь 27 тэрбум төгрөг л байна. Хүн хэлмэгдүүлчих вий дээ” хэмээн хэлж ангийн нөхдөө битүүхэндээ хамгаалж байв.

Түүний ХОМ-ийг сонирхвол өнгөрсөн 2018 онд 211 сая төгрөгийн орлого олсноо ХОМ-дээ мэдүүлжээ. Хоёр орон сууцтай, хоёр авто гражтай эдгээр нь 661 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн Lexus RX 350, Toyota,Land Cruiser 200 маркийн хоёр машинтай. Машинуудаа 352 сая төгрөгөөр үнэлсэн бол 586 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай аж. Л.Энх-Амгалан сайд нь 160 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 130 сая төгрөгийн хадгаламжтай. "Говь Алтайн Мааньт" ХХК,  "Мандал Хүдэр" ХХК, "Мишээл Экспо" ХХК,  "Их Монгол Алтай" Групп ХХК,  "Монгол Британийн хамтарсан Алтан-Уул Интернейшнл" ХХК-иудыг эзэмшдэг байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

-1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль
-1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи
-1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

-1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар
-1999-2003 онд “World Trans” ХХК
-2003-2005 онд “Улаан бутан” ХХК
-2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК
-2008-2016 онд “Мишээл групп” ХХК
-2008-2016 онд НИТХ
-2015-2016 онд “Мишээл экспо”
-2016 оноос Улсын Их Хурлын гишүүн
-2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд

ШАГНАЛ:

-2010 онд Алтангадас одон

-2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
-2007 онд Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж