Европын хамгийн удаан төр барьсан удирдагч нарын нэг, Германы канцлер Ангела Меркелийн эрүүл мэндийн байдал олны анхаарлыг татах болов. Ангела Меркель энэ долоо хоногт 65 нас хүрнэ. Ангела Меркель олон нийтийн арга хэмжээний үеэр чичирч, салганаж буй нь гурав дахь удаагаа хэвлэлийнхний дуранд өртжээ. Хамгийн анх өнгөрсөн сард Украины ерөнхийлөгчийг Берлин хотод хүлээж авах улаан хивсний ёслолын үеэр салгалан чичирч байв. Тухайн үед тэрбээр халуун наранд удаан зогссон бас ус дутагдсанаас болсон хэмээн тайлбарласан юм. Гэвч энэ байдал дахин хоёр удаа давтагдав.
АНУ-д ерөнхийлөгчийн жил бүрийн эмнэлгийн үзлэг, оношилгооны мэдээлэл олон нээлттэй байдаг уламжлалтай бол Германд нөхцөл байдал арай өөр. Германы ард иргэдийн дунд явуулсан судалгаагаар канцлерын эрүүл мэндийн байдал нь түүний хувийн асуудал тул олон нийтэд мэдээлэх шаардлагагүй гэж үзжээ. Сүүлд өнгөрсөн лхагва гаригт Ангела Меркель Финляндын ерөнхий сайдыг хүлээн авах ёслолын үеэр чичирч байсан аж. Гол нь канцлер албан үүргийн хугацаагаа дуусгаж чадах уу? гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Германы улстөрчдийн дунд Ангела Меркелийг 2021 оноос өмнө албан үүргээ хүлээлгэн өгөх болж магадгүй гэх яриа гарах болжээ.
Германы улс төрд 14 жил ажиллаж буй Ангела Меркель нь эрүүл мэндийн ноцтой өвчлөлийн түүхгүй аж. Гэвч тэрбээр бие нь чичирч, салганах шинж тэмдгийн талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзаж байна. Канцлерын ажлын албанаас түүний чичирсэн шалтгааныг ажлын ачаалал, мэдрэлийн ядаргаатай холбон тайлбарлажээ. Харин анагаахын талаас бол гар салгалах нь олон шалтгаантай аж. Тухайлбал, архины дон, Паркинсон, Альцгеймерийн өвчин, мэдрэлийн шалтгаантай харшил, төв мэдрэлийн системийн өвчлөл зэргээс болж гар салгалдаг байна. Мөн гэмтлийн үр дагавар, мэдрэлийн системийн өвчлөлөөс болж салгалдаг аж. Ангела Меркель 2014 онд Альпийн нуруунд цанаар гулгаж байгаад аарцгаа гэмтээснээс өөрөөр гэмтэж бэртсэн тохиолдол байхгүй. Тухайн үед тэрбээр гурван долоо хоног гэрээсээ ажлаа хийжээ.
Ангела Меркель 2005 оноос хойш дөрөв улиран сонгогдон Германы канцлераар ажиллаж буй хамгийн удаан төр барьж буй Барууны эмэгтэй улстөрч. Тэрбээр улс төрийн ёс зүй, нэр хүндээрээ алдартай. Тэрбээр 2021 онд албан үүргийн хугацаагаа дуусгаад тэтгэвэртээ гарахаар төлөвлөжээ. Өмнө нь 2016 онд дөрөв дэх удаагаа улиран сонгогдохынхоо өмнө “эрүүл мэнд сайн байвал сонгуульд нэр дэвшинэ” хэмээн мэдэгдэж байжээ.