“Их Гурвал”-ын үзүүштэй тоглолт, Н.Жоковичийн 16 дахь цом

Хуучирсан мэдээ: 2019.07.15-нд нийтлэгдсэн

“Их Гурвал”-ын үзүүштэй тоглолт, Н.Жоковичийн 16 дахь цом

“Их Гурвал”-ын үзүүштэй тоглолт, Н.Жоковичийн 16 дахь цом

Монгол түмэн Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж байх энэ өдрүүдэд дэлхийн спортын талбарт мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүнд бүхий 4 Их Дуулга тэмцээний нэг болох Уимблидон болж өндөрлөлөө. Тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд Румын бүсгүй С.Халеп алдарт С.Уилльямсыг 2 сетэд хожиж Их Дуулга тэмцээний 2 дахь, Уимблидоны анхны цомоо өргөсөн.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд энэ цаг үеийн мэргэжлийн талбайн теннисний хамгийн тод “од”-ууд болох “Швейцар цаг” Р.Федерер, “шороон кортны хаан” Р.Надал болон Сербийн Н.Жокович нар хагас шигшээ, шигшээ тоглолтуудад өрсөлдөж дэлхий нийтийн спорт сонирхогчдын нүд, чихийг баясгав.

Энэ жилийн тэмцээний эхнээс л дараа үеийн шилдгүүд гэгдэж буй залуу теннисчид болох А.Зверев, Д.Дим, С.Циципас болон К.Хачанов нар ээлж дараалан дээгүүр “бүдэрсэн” бол хашир туршлагатай, энэ цаг үеийн төдийгүй бүх-цаг үеийн мэргэжлийн талбайн теннисний түүхэнд тодоор бичигдэх ах нар нь болох Р.Федерер, Р.Надал, Н.Жокович нар зүлэг ногоон “дэвжээ”-н дээр гайхалтай тоглолтоо үзүүлэв.

Хагас шигшээд Их Дуулга тэмцээний 20 түрүүтэй Р.Федерер дүү теннисчин Их Дуулгын 18 түрүүтэй Р.Надалыг буулгаж авснаар шигшээд Их Дуулга тэмцээний 15 түрүүтэй Н.Жоковичтой шалгарч үлдсэн.

Сар хүрэхгүй 38 нас хүрч буй домогт Р.Федерер өөрийнх нь амжилтыг залгамжлан маш хурдтай урагшилж буй Н.Жоковичтой 5 сет гарсан тоглолтонд 4 цаг 47 минут өрсөлдсөн. Шигшээ тоглолт маш сонирхолтой, эн тэнцүү явагдаж байсан бөгөөд эхний 4 сетэд харилцан хожил авч байсан ба 5 сетийн 3-т нь тай-брейк буюу хайн хагалах оноо гарсан нь ямар өрсөлдөөнтэй болсныг илтгэнэ. Эхний сетэд Н.Жокович тай-брейкээр 7-5 харьцаатай хожсон бол 2 дахь сетэд Р.Федерер өрсөлдөгч дүүдээ ердөө 1 гэйм алдаж 6-1 харьцаатай хожсон. Ингээд 3 дахь сет гарахад Н.Жокович тай-брейкээр 7-4 өрсөлдөгчөө хожоод 4 дэх сетэд харин 4-6 харьцаатай хожигдсон. Эхний 4 сетэд 2-2 харьцаатай болж шийдвэрлэх 5 дахь сет явагдаж мөн л 12-12 харьцаатай тэнцэн тай-брейкээр 7-3 харьцаатай Серби залуу Н.Жокович хожисноор Их Дуулгын 16 дахь, Уимблидоны 5 дахь цомоо хүртжээ. \

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж