Нутгийн 10 хувьд гантай байна

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Нутгийн 10 хувьд гантай байна

Зуншлагын байдал зургадугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 хувьд гантай, 40 хувьд сайн, үлдсэн 50 хувьд нь зуншлага муу байна гэж Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Тодруулбал нийт нутгийн 40 гаруй хувьд буюу Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар зуншлага сайн. 10 гаруй хувьд буюу Баян-Өлгийн Улаанхус, Цэнгэл, Говь-Алтайн Эрдэнэ, Баянхонгорын Шинэжинст, Баянлиг, Баян-Өндөр, Булганы Дашинчилэн, Дархан-Уулын Дархан, Хонгор, Шарынгол, Төвийн Баян, Хэнтийн Дархан-Оргил, Дэлгэрхаан, Сүхбаатарын Түвшинширээ, Өмнөговийн Цогт-Овоо, Гурвантэс, Ноён, Хүрмэн, Цогтцэций, Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Айраг, Иххэт сумдын нутгаар зуншлага муу, хуурайшилт ихтэй. 50 орчим хувьд буюу Төвийн нутгаар бороо бага орж, өвс ногоо хатаж, зуншлага муу гарчээ.

Энэ мэдээллийг зургадугаар сарын өмнөх 10 хоногтой харьцуулахад, ялангуяа газар тариалангийн төв бүс нутгаар хэвийн байсан нутгууд нь гандуу болж ирсэн. Бороо багатай, үргэлжилсэн халуун байгаа. Зургаан сарын сүүлч, долоон сарын эхээр зуншлагын байдлын дүнгээр гандуу, гантай байгаа нутгуудын тоо ихэсч гарч ирэх магадлалтайг цаг уурчид ярьлаа.

Долдугаар сарын эхний арав хоногт Төв, Говь, Зүүн аймгуудад хур тунадас бага орно. Зүүн болон зүүн зүгийн, говийн нутгуудаар хур тунадасны хэмжээ дундаж байх бөгөөд сарын сүүлийн арав хоногт нийт нутгийн баруун хагаст их хэмжээний бороо орох төлөв гарчээ. Наймдугаар сард агаарын температур төвийн нутгийн баруун хэсэг, говийн нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Харин говийн нутгийн зүүн хэсгээр орох хур тунадасын хэмжээ багасах төлөвтэй байна.

Долоо ба наймдугаар сард зуны улиралд орох борооны 70 гаруй хувь нь ордог бөгөөд төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 78-107 мм, баруун ба говийн нутгаар 13-40мм, бусад нутгаар 45-75 мм бороо ордог боловч 1980, 1981, 1988, 2000-2002, 2006 онд ихэнх нутгаар тун бага бороо орж, гантай байжээ. Харин 1990, 1993, 1994, 1998, 2012 онд ихэнх нутгаар, 1997 онд нутгийн төв хэсгээр, 2003 онд нутгийн баруун хагаст уур амьсгалын дунджаас 1-3 дахин их бороо орсон. Есдүгээр сараас борооны хэмжээ багасаж, орох тохиолдол нь цөөрдөг буюу төв ба зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 32-44мм, баруун ба говийн нутгаар 4-15мм, бусад нутгаар 17-30мм ордог байна.

Д.УЛАМБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж