Apple компанийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк хүмүүсийг хувийн мэдээллээ алдахгүйн тулд Facebook аккаунтаа устгахыг зөвлөжээ. Тэрбээр өөрийн facebook аккаунтаа өнгөрсөн жил устгасан байна.
Томоохон технологийн компаниуд хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэлд халдаж буйд Возняк санаа зовниж буйгаа илэрхийлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Томоохон технологийн компаниуд лазерын тусламжтайгаар таны зүрхний цохилтыг хэмжиж чадна. Мөн тэд маш олон төрлийн төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний цохилтыг тань хүртэл сонсож чадна. Таны утсыг яг одоо чагнаж байгааг хэн мэдэх билээ” гэв.
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Возняк Facebook-ээс татгалзсанаар Аpple-ийн Ерөнхий захирал Тим Кук болон WhatsApp –ийн үүсгэн байгуулагчдын нэг Брайан Эктонтай нэгдсэн юм. Тэд Cambridge Analytica-ийн шуугиантай холбоотойгоор нийгмийн сүлжээг бойкотолж буй нь энэ юм.
Facebook компани нь 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийн тулд 50 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашигласан хэрэгт буруутгагдаад байгаа билээ.
Apple компанийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк 2018 оны арваннэгдүгээр сард Facebook компани технологиос илүүтэй хүмүүсийг бодох хэрэгтэй. Хэрэглэгчдэд хувийн мэдээллээ ашиглах боломж олгохоос гадна ил тод, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй гэж мэдэгдэж байсан билээ.
Энэ мэдээллийн дараахан АНУ-ын Холбооны худалдааны комисс Cambridge Analytica холбоотойгоор Facebook компанид хэрэглэгчийн мэдээллийг алдсан хэмээн 5 тэрбум ам.долларын торгууль ногдуулах шийдвэр гаргав. Энэхүү шийдвэрийг АНУ-ын Хуульзүйн яам ч дэмжжээ.
АНУ-ын IT компаниудад өмнө нь ийм хэмжээний торгууль ногдуулж байгаагүй аж. Үүнээс өмнө, 2012 онд Google компани 22.5 сая ам.долларын торгууль төлж байсан. Мөн өнгөрсөн жил Европын холбоо Google компанийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн хэмээн 5.1 тэрбум ам.долларын торгууль ногдуулж байсан удаатай.
2018 оны эцэст Facebook компани 56 тэрбум ам.долларын орлоготой гэж мэдүүлсэн аж. Тэгвэл дөрөвдүгээр сард АНУ-ын Засгийн газрын торгуульд 3 тэрбум ам.долларыг төлнө хэмээн тооцоолон нөөцөлж байсан ажээ.
Харин Facebook болон АНУ-ын Холбооны худалдааны комисс дээрх үйл явдалд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: Forbes