Тойм: Шинэ аварга, хоёр мэргэн харваачтай наадам

Хуучирсан мэдээ: 2019.07.14-нд нийтлэгдсэн

Тойм: Шинэ аварга, хоёр мэргэн харваачтай наадам

Тойм: Шинэ аварга, хоёр мэргэн харваачтай наадам

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнгөрч буй долоо хоногт болж өндөрлөлөө. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар УГЗ, продюсер Г.Цоггэрэл ажилласан билээ.

Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт та биднийг Их Эзэн Чингис, Богд зэрэг Монгол төрийг удирдаж байсан үе үеийн хаад, Сүхбаатар, Чойбалсантай “уулзуулж”, Халх голын дайны түүхт 80 жил, Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жил, Богд хаан мэндэлсний 150 жил, Атар газар эзэмшсэний 60 жил зэрэг түүхт ойг тохиож буйг өгүүлснээрээ онцлог байв.

Түүхэн он цаг бүрт уран бүтээлчид ая дуугаа өргөх бөгөөд тэдний салхийг Монголын рок попын ахан дүүс гэгддэг Монгол Улсын гавьяат дуучин “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, С.Амармандах, Т.Дэлгэрмөрөн нар “Монголын нууц товчоо” дуугаа дуулж,  хоёр дахь удаагаа наадмын нээлтийг хийж, хуран цугласан олныг огшууллаа.

Наадмын Ерөнхий найруулагч Г.Цоггэрэл NEWS агентлагт өгсөн ярилцлагадаа “Миний сэтгэл огшиж байна. Монголчууд үнэхээр омогшил, бахархал дүүрэн ард түмэн шүү дээ. Би тэрийг л харуулахыг хичээсэн юм. Үндэсний их баяр наадмыг өмнөх жилүүдэд найруулж, ажилласан бүх найруулагч мундаг. Би ард түмнийхээ хүсэн хүлээсэн наадмын тоглолтын саналыг ард түмнээсээ авч, нээлтийн тоглолтдоо оруулсан. Ард түмэн энэ тоглолтыг л хүссэн. Би энэ хүслийг нь биелүүллээ. Энэ бүхний ард гарсан гэж бодож байна. Энэ бол Үндэсний их баяр наадам учраас Үндэсний мюзикл юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.

Үндэсний их баяр наадмын нээлтийн фото агшинг ЭНД дарж сонирхоорой


ШИНЭ АВАРГА, НЭГ ХАРЦАГА, ТАВАН НАЧИНТАЙ НААДАМ 

Улсын аварга Э.Оюунболд

Үндэсний  их баяр наадмаар монголчууд бид эрийн гурван наадамаа үзэн, омогшиж, баярлацгаадаг билээ. Эрийн гурван наадмын хамгийн их үзэгчдийг огшоодог спорт бол үндэсний бөх. Энэ жилийн Үндэсний их баяр наадамд нийт 512 бөх барилдсанаас улсын арслан Э.Оюунболд улсын аварга Н.Батсууриар ес давж, улсын аварга цолыг хүртсэн билээ. Тэрбээр энэ жил 26 нас хүрч байгаа ажээ.

Мөн энэ жилийн наадамд таван Улсын начин цолтон төрлөө.

  • Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар,
  • Сэлэнгэ аймгийн хурц арслан Б.Орхонбаяр,
  • Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ,
  • Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном

Харин Улсын начин Д.Анар зургаагийн даваанд Улсын харцага Б.Бат-Өлзийг давж, харцага цолны болзол хүртсэн билээ.


ХУРДАН МОРЬ: ТҮРҮҮЛСЭН УЯАЧ, УНААЧ НАРЫГ ШАГНАЛАА

ДААГА

Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 200 орчим хүлэг 1 км замд шандас хурдаа сорьж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн хээр торгон жолоо өргүүлж, унаач 12 настай О.Өсөхбаяр хурдлуулсан юм.

  • Түрүү магнай Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн халиун,
  • Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар,
  • Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын шаргал,
  • Айргийн тавд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага тус тус хурдаллаа.

  ШҮДЛЭН

Хурдан шүдлэнгийн уралдаанд 350 үрээ бүртгүүлснээс 236 шүдлэн тоосоо өргөв. Энэ жилийн төрийн наадамд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хар үрээ төрийн торгон жолоог өргөлөө.

  • Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул уяач Баасансүрэнгийн Нямжавын хар,
  • Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Гончигийн Баттулгын зээрд халзан,
  • Айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар халзан,
  • Айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Очирбатын Амгаланбаатарын хээр алаг хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.

ХЯЗААЛАН

Хязаалан насны уралдаанд 298 үрээ бүртгүүлж, 184 үрээ тоосоо өргөлөө. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, "Ажнай" галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор үрээ төрийн торгон жолоо өргөж түрүү магнай хүртэв.

  • Аман хүзүүндӨвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд,
  • Айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн,
  • Айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар,
  • Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр  тус тус хурдаллаа.

                                                                                                       СОЁОЛОН

Соёолон насны морьдын уралдаанд 200 гаруй хурдан соёолон шандас сорилоо. Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд. Магнайд хурдалсан Мөнгөн хошуут зээрд соёолонг 11 настай Ц.Өсөхбаяр хүү унаж хурдлуулсан.

  • Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы халиун,
  • Айргийн гуравт Монгол улсын алдарт уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбатын уясан зээрд халзан,
  • Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, Улсын Дээд шүүхийн шүүгч Сандагийн Нямжавын халтар,
  • Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын харьяат Н.Дамдий-Ядамын цоохор соёлон хурдаллаа.

                                                                                                      ИХ НАС

Үндэсний их баяр наадмын Их насны  271 морь шандас шалгаж, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор түрүү магнайг хүртэв.

  • Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар,
  • Айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр,
  • Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хар,
  • Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд тус тус хурдаллаа.

АЗАРГА

Азарганы уралдаанд  гарааны зурвасаас 163 хурдан хүлэг  хурд сорьж Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан, бунд тамгатай хонгор азарга төрийн торгон жолоог өргөлөө. Магнайд түрүүлсэн  хонгор азаргыг 10 настай Мөнгөнзулын Түшиг хурдлуулжээ.

  • Аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатарын загал,
  • Айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Х.Мөнхтулгын бор азарга,
  • Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Б.Эрдэнэбатын мөлүү хул,
  • Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн бор азарга тус тус хурдаллаа.

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН ХАРВААЧ ХОЁРООР НЭМЭГДЛЭЭ

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сорилоо.

Энэ жилийн Үндэсний сурын харвааны эрэгтэй харваачдаас 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн Үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Э.Цогбаярт Монгол Улсын “Мэргэн” цол, 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн ажилтан, Хангарди спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Э.Ганчулуунд Монгол Улсын “Гарамгай харваач” цол, 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул, “Зэлмэ” сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Д.Чулуунбатад Монгол Улсын “Гоц харваач” цолыг тус тус олголоо.

Мөн эмэгтэй харваачдаас 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Цахиур багийн харваач Ө.Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол, 33 сум онож гуравдугаар байр эзэлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Б.Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгч, баяр хүргэн амжилт хүсэв.


“10 ЖИЛИЙН ДАРАА ШАГАЙН ХАРВААН ТҮРҮҮГЭЭ АВЛАА”

Үндэсний их баяр наадмын шагайн харваан үзүүр, түрүүний тоглолт долдугаар сарын 12-нд боллоо. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын шагайн харваан түрүү байрыг  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Л.Болд ахлагчтай баг алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранзаар ахлуулсан  “АПУ” компанийн баг хүртлээ.

    

“Үндэсний их баяр наадмын шагайн харваан тэмцээн сайхан болж өндөрлөлөө. Шагайн харваан тэмцээнийг наадамчин олон шимтэн үздэг. Гурван өдөр үргэлжилсэн шагайн харваан тэмцээнд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид олноор хүрэлцэн ирлээ. Өнөөдөр наадамчин олноо баясгаж дүнгээ гаргалаа. Маш сайхан байна. Тэмцээний хувьд үзүүштэй, өрсөлдөөн ширүүн болж өрнөлөө. Миний хувьд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 30 гаруй жил ажиллаж байна. Манай баг Үндэсний их баяр наадмын дөрөв дэх түрүүгээ авч байна. Өмнө нь Үндэсний их баяр наадмаар 2007, 2008, 2009  онд түрүү авч байсан. Нийтдээ наадамдаа гурван удаа хоёрдугаар байр, хоёр удаа гуравдугаар байр эзэлж байсан. Манай багийн харваачдын хувьд удам дамжсан олон сайхан харваачид бий” хэмээн Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер, шагайн харваагаар 28 жил хичээллэж буй тамирчин Л.Болд хэлсэн юм.

“ЗАЛУУ ТАМИРЧИД ТУРШЛАГА ДУТСАН БАЙХ”

Харин мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, “АПУ” компанийн тамирчин, багийн ахлагч С.Ямааранз багийнхаа тоглолтын тухай ярихдаа “Манай багийн харваачдын ихэнх нь залуу харваачид байгаа. Саяхан багаас маань Улсын мэргэн цолтон хоёр төрөн гарсан байдаг. Цаашдаа багийн тамирчид маань улам туршлага суух байх. Дараа жилийн наадмаар сайн тоглоно. Миний хувьд ес дэх жилдээ “АПУ” хувьцаат компаниар овоглож байна. Би Архангай аймгийнхаа залуу тамирчдыг дэмжиж, багаа бүрдүүлдэг. Үндэсний их баяр наадмаараа өмнө нь хоёрдугаар байранд орж байсан. Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлж, Улсын аварга ч болж байсан. Манай багийн хамгийн залуу тамирчин 20 настай” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж