УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн орлогын гүйцэтгэл 6.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 727 тэрбумаар дутуу, нэгдсэн төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 496 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна.
Улсын төсвийн гүйцэтгэлийн тухайд Монгол Улсын 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 4.2 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 536 тэрбум төгрөгөөр буюу 11 хувиар дутуу, улсын төсвийн зарлага 5.2 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 402 тэрбум төгрөгөөр буюу 7 хувиар бага аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардалд нийт 969.2 тэрбум төгрөг олгосон нь төлөвлөснөөс 221.8 тэрбум төгрөгөөр буюу 17 хувиар бага байгааг тайланд дурджээ.
Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2014 оны нэгдсэн төсвийн орлогын гол нэр төрлийн эрдэс баялгаас төсөвт төвлөрөх орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцож, түүнээс давсан хэсэг буюу нийт 39.9 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын санд төвлөрүүлжээ. Түүнчлэн 2014 онд Тогтворжуулалтын сангаас анх удаа төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн зөрүүг нөхөх зорилгоор 118.2 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод шилжүүлэн зарцуулсныг төсвийн гүйцэтгэлд тусгаж тайлагнасан байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2014 онд төсвийн орлого ямар шалтгаанаас болж, тасарсан талаар тодрууллаа.
Сангийн яамны холбогдох албаны хүний тайлбараар 2014 онд төсвийн орлого 726.9 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Үүнд гурван үндсэн зүйл нөлөөлжээ. Нэгдүгээр дотоод эдийн засаг агшсанаас НДШ-ийн орлого, ААНОАТ буурсан байна. Импортын бууралттай холбоотойгоор импортын ОАТ, суудлын авто машины ОАТ, архи, тамхины ОАТ, нефтийн бүтээгдэхүүний ОАТ, гаалийн албан татвар тус бүр буурсан аж. Гурав дахь шалтгаан нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаснаас Ашигт малтмалын татвар, Гаалийн үйлчилгээний хураамж зэрэг буурсан юм байна.
11.30 цаг:
УИХ-аар Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: НДС-ийн мөнгөн хөрөнгө болох 539 тэрбум төгрөгийн 190 тэрбум төгрөгийг зөвхөн нэг банкинд байршуулсан нь тухайн банкны нийт активынх нь 49 хувьтай тэнцсэн. Энэ нь, нийт активынх нь 25 хувиас хэтрэх ёсгүй гэж заасан хуулийг зөрчсөнийг юу гэж үзэж байна вэ гэв.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: 2013 онд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 600-н тэрбумд хүрч, хүүгийн орлогыг 32 тэрбумаар нэмсэн.
2014 онд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 900 тэрбум, хүүгийн орлого 58 тэрбумд хүрсэн.
Арилжааны банкинд байршиж байгаа мөнгө нийт активынх нь 25 хувиас хэтрээгүй, хаанаас 49 хувь гэсэн мэдээлэл авсныг чинь мэдэхгүй юм. Мэдээллээ нягтал, хариуцлагатай мэдээлэл ярьж бай. НД-ын мөнгөн хөрөнгийг хуульд заасны дагуу зарцуулахгүй бол мэдэхгүйг та мэдэхийн сайнаар мэдэх ёстой. Бодитой зөрчил гаргаагүй.
Ерөнхий аудитор А.Зангад: 2013 оны зөвлөмж хэрэгжсэн.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Би хэлсэн үгэндээ хариуцлагатай хандана. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл худлаа мэдэлэл өгснийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр нотлох баримттай гаргаж өгч байсан. Одоо болохоор худлаа яриад байна. Тодорхой ярих юм бол “Капитал” банкны нийт активаас давсан, илүү хувиар байршуулсан Аудитын дүгнэлт бий. Энэ дүгнэлтийг А.Зангад дарга танд өгье.
А.Зангад: 2013 оны тайлан авч байгаад хариулъя, тооцоо аргачлалын хувьд зөрүү гарсан тал бий.
Сайд С.Эрдэнэ: 49 хувьд хүрсэн нэг ч актив хаана ч байхгүй, 1-2 хувийн зөрүүтэй дүгнэлт гарч байсан. Тухайн үедээ алдаагаа засаад явсан. Төсвийн гүйцэтэгл хэлэлцэж байхад хэт улс төр хийгээд хэрэггүй. АН-руу дайраад байх шаардлагагүй, хамтарсан Засгийн газар байгуулчихаад явж байгаа шүү, МАН.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Зээлийн өрийн үйлчилгээнд хэчнээн төгрөг зарцуулсан бэ?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Зээлийн өрийн үйлчилгээнд 544 тэрбум төгрөг зарцуулсан.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Дотоодын аж ахуйн нэгжүүддээ хүү төлөхөөс юунд нь айдаг юм?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: 10-аад аж ахуйн нэгж, энэ хүүг авч байгаа. Хэдэн банкууд энэ мөнгийг авдаг. Монгол Улс 2014 онд өдөрт 1.3 тэрбум төгрөгийг хүүгийн зардалд төлсөн.
12.10 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх үеэр Ардчилсан намын гишүүд МАН-д хандан үг дайлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батцогт “Н.Номтойбаяр гишүүнээ ээ, таны хэлж байгаа хэтэрч байна. Та МАН-ын бүлгийн дэд дарга, Ардчилсан намыг сонгосон нь буруу байж гэж… Ардчилсан нам Ардын намынхантай Засагт хамтраад сахил хүртээд шал дордов гэгч болсон. Засагт байхад Ардчилсан намынхан муухай байгаа бол та нар зургаан сайдаа тат, бид дэмжээд өгье. Муу нэртэй, муухай зүстэйгээрээ бид ялаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд сонгуульдаа оръё. Хамтарч байж ингэж болохгүй" гэв.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ардын намынхан аль хэдийнэ төрхөмдөө буцахаар ачаа бараагаа бэлдсэн бэр шиг асуудалд хандаад байна. Асуудалд эрүүлээр хандах хэрэгтэй. Ардын намынхан Монгол Улсыг халамжийн улс болгосон шүү” гэв.
Улмаар Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж дуусган холбогдох байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна.
15.00 цаг
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.50 цагийн орчимд эхэлж, Эрүүгийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлага үргэлжилж байгааг тус бүлгийн дарга С.Бямбацогт сануулснаар хуралдааныг завсарлууллаа.
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаас дээрх хуулийн төслөөр ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа албан ёсоор маргааш дуусах аж.
Завсарлага авсан шалтгаанаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эрүүгийн тухай хуулийн төсөлд баялаг бүтээгчдийг 41 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татахаар байгааг бид судлах ёстой. Дээр нь торгуулийн хэмжээ асар өндөр. Торгуулийн доод хэмжээ 20 сая төгрөгөөс эхэлж 13 тэрбум төгрөгт хүрч байгаа. Торгуулийн хэмжээг буулгах бодитой шаардлага бий. Энэ асуудлыг бүлгээс тавьж байгаа ч бодитой ойлголцолд хүрч, шийдсэн асуудал байхгүй байна” гэдгийг тодотголоо.
УИХ-ын дарга З.Энхболд ажлын хэсгийн төвшинд энэ асуудлаа ярилц, 13 тэрбум төгрөгийн торгуулийг буулгаад оруулаад ирэх боломжтой гэдгийг сануулснаар үдээс хойшхи хуралдааныг хаагаад байна.
Иймээс цаг хугацаа хожоод өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон бусад байнгын хороод хуралдаж асуудлуудаа хэлэлцэх даалгаврыг УИХ-ын даргаас мөн давхар авлаа.
Г.ДАРЬ