Германы канцлер Ангела Меркель өнгөрсөн лхагва гаригт Берлин хотноо Финландын Ерөнхий сайдтай хамт ёслолын арга хэмжээнд оролцохдоо гурав дахь удаагаа дагжтал чичирсэн байна. Ангела Меркель энэ явдлын дараа “Ёслолын үеэр миний бие маш сайн байсан бөгөөд санаа зовох хэрэггүй" хэмээн хэлжээ.
Германы Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, тэрбээр төлөвлөсний дагуу уулзалтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Өдгөө 64 настай Меркель хоёр долоо хоногийн өмнө "Их-20"-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Японыг зорихын өмнөхөн мөн дагжтал чичирч байв. Тэрбээр дээд хэмжээний уулзалт дээр сэтгүүлчдэд "Миний бие сайн байгаа" гэж хэлжээ.
Өнгөрсөн лхагва гаригт Германы канцлер Финландын Ерөнхий сайд Антти Риннегийн хажууд зогсож байхдаа чичирч буй гараа тогтоон барихыг хичээж байсан аж. "Focus" цахим хуудаст мэдээлснээр, түүний бие бүхэлдээ чичирч байсан бөгөөд энэ байдал нэг минут орчим үргэлжилжээ.
Берлин хотноо өнгөрсөн сард Ангела Меркель Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленскийг угтан авах ёслолын арга хэмжээний үеэр анх удаа дагжтал чичирсэн билээ. Тэрбээр өөрийнх нь бие сайн байгаа учраас санаа зовох зүйлгүй хэмээн өнгөрсөн лхагва гаригт болсон хэвэллийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ