Сүүжид Хөвсгөлийн бөхчүүд бэлтгэл хангаж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Сүүжид Хөвсгөлийн бөхчүүд бэлтгэл хангаж байна

Хөвсгөл аймгийн бөхчүүд Сүүж уулын аманд бэлтгэлд гарчээ. Тодруулбал, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Б.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд бэлтгэл хангаж буй юм байна.  Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн фейж хуудсандаа ийн онцолжээ. Тэрээр “Аймгийн маань хоёр сайхан арслан, харцага начингууд тэргүүлэн бэлтгэлдээ гарчээ. Бадамсэрээжид арслан маань 90 насны босгыг давсан гэхэд ухаан санаа саруул, нуруу тэгш, алхаа хөнгөн хүүхдүүд шавь нартаа зааж сургаад сайхан байна. Мөнхбаатар арслан маань 10 жил дараалан шөвгөрсөн амжилтаа ахиулахаар өнгөтэй, Содном харцага маань энэ цаг үеийн хамгийн шилдгүүдтэй тунах магадлал хамгийн ихтэй бөх. Гэхдээ хэнээс халгаж, хэнээс айна гэх вэ. Туршлага, мэх, бяр, бэлтгэл нийлээд ирэхээр энэ жил түрүүлнэ л гэж би хувьдаа дэмжиж байгаа. За тэгээд Эрдэнэбат, Батмөнх, Баянмөнх начингууд энэ эрэмбээ дээшлүүлж сайн барилдах байх аа. Аймгийн арслан Ганхуяг, Даваа-Очир хоёр начинд зүтгэчихээр өнгөтэй ч байна. бэлтгэл сайтай ч байна. Ингээд нэр дурдаагүй залуус маань ч сайхан үзэх байх. Одоо чинь тэр бөх түрүүлнэ гэхэд хэцүү болсон болохоор залуучуудаас маань дээшээ гараад ирэхийг хэн байг гэх вэ. Бүх Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс нутгийнхаа бөхчүүдэд цолоо ахиулахын бэлэгтэй ерөөл өргөж амжилт хүсье. Бөхчүүдээ дэмжээрэй” хэмээжээ.

Арваадхан хоногийн дараа үндэсний их баяр наадам эхэлнэ. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байх болтугай.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж