Баруун европын нутгуудаар энэ долоо хоногт агаарын хэм 40С давж халж байна. Хэт халалт Испани, Португалд энэ долоо хоногийг дуустал түүнээс цааш Франц, Их Британид ажиглагдахыг цаг уурчид мэдээлжээ. Энэ долоо хоногийн дунд үе гэхэд хэт халуун агаарын урсгал Франц руу шилжсэнээр Францад 39С, Их Британид 36С хүрч халах гэнэ.
Испанийн цаг уурын албанаас Кордобад агаарын хэм 44С хүрч халснаас онц байдал зарласан бол 50 мужийн 43-т нь халуунаас сэрэмжлэх зөвлөмжийг гаргажээ. Хэт халуун өдрүүдэд Испанийн иргэд далайн эрэг бараадах нь нэмэгдсэн бөгөөд хүмүүсийг алкохол хэрэглэхгүй, гадуур явахдаа биедээ ус нөөцөөлж авч явахыг эмч нар сануулж байна. Түүнчлэн албаныхан хэт халуун хуурайшилтын үед ойн түймэр гарахаас сэрэмжлүүлжээ. Харин Португалын Кастело Бранко, Порталегри хотуудад агаарын хэм 41С хүрч байгаа аж.
Өмнө нь 2003 онд европ даяар хэт халснаас 20 мянга орчим хүн нас баржээ. Хохирогчдын олонхи нь өндөр настай хүмүүс байсан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse