Маргааш долдугаар сарын нэгний өдөр. 2008 оноос хойш жил бүрийн энэ өдөр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж, тэднийг сануулах үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн.
Тэгвэл өнөөдөр 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд хохирсон иргэдийн төлөөлөл, Гал үндэстэн холбоо, Бүгд найрамдах намынхан ээлжит сануулгаа төр засагт хүргэв. Тэд жил бүрийн өдийд долдугаар сарын 1-ний жинхэнэ буруутныг олж хариуцлага тооцох, хохирогчдыг цагаатгаж тэдэнд зориулсан хөшөө босгох зэрэг шаардлагуудыг тавьдаг. 2015 оны долдугаар сарын 1-ны өдөр тохиох гэж буй энэ үед ч шаардлагаа дахин санууллаа.
Тэд шаардлагадаа
- Долдугаар сарын 1-ний үндсэн буруутныг олж хариуцлага тооцох.
- Долдугаар сарын нэгэнд хэлмэгдсэн хүмүүсийг бүрэн цагаатгаж, хохирлыг барагдуулах.
- Хохирогчдын хөшөөг босгох.
- Үйл явдлын ноцтой баримтыг ил болгож, үнэнийг ард түмний хүртээл болгох.
- Цаашид үүнийг давтахгүйн тулд шударга сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг шаардлагыг тавьжээ.
Бүгд Найрамдах намын гишүүн Б.Хосбаяр “Хохирогчдыг цагаатгаж, тэдэнд зориулж гэрэлт хөшөө босгоно гэсэн яасан бэ? Энэ бүгдийг 2015 оны долдугаар сарын 1-ний өмнөх өдөр бид дахин сануулж байна. Дахиж долдугаар сарын 1-ний явдлыг давтахгүйн тулд Сонгуулийн хуулийг бүх нийтээр хэлэлцүүлмээр байна. Ингэхгүй бол долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга” гэв.
Гал үндэстэн холбооныхны үзэж буйгаар долдугаар сарын 1-ний энэ үйл явдал нь Монголын түүхэнд хар толбоор бичигдэж байгааг дурьдав. Тэдний мэдээлж буйгаар 2008 оны долдугаар сарын 1-нд гэм зэмгүй дөрвөн залуу бууны суманд өртөж, нэг жагсагч угаартан амиа алдсан. Дор хаяж есөн хүн буудуулсан гэв. Мөн 400 орчим цагдаа гэмтэж 500 гаруй нь халдлагад өртсөн хэмээн мэдээлэв. Энэ үеэр 200 гаруй хүнийг хоморголон яллаж хэлмэгдүүлсэн хэмээн мэдээлсэн юм.
Б.ЗАЯА