Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар, Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Марк Эспер нар өнгөрсөн баасан гаригт утсаар холбогдож, ОХУ-ын агаараас хамгаалах систем (ZRS) С-400 болон Сирийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Энэ тухай Туркийн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.
Хулуси Акар Туркийн тал АНУ болон НАТО-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, C-400 системийн нийлүүлэлтийн улмаас Вашингтон-Анкарагийн хооронд үүссэн хагарлыг арилгахыг санал болгосон байна.
Туркийн Батлан хамгаалах яам өнгөрсөн баасан гаригт Анкара дахь Мюртед агаарын баазад С-400 систем нийлүүлэх гэрээний дагуу анхны багцыг хүлээн авсан бөгөөд ойрын өдрүүдэд тус системийн нийлүүлэлт үргэлжлэх болно гэж мэдэгджээ.
CNN агентлагийн мэдээлснээр, Оросоос зэвсэг авах шийдвэрээ өөрчлөөгүйнх нь төлөө Вашингтон F-35 сөнөөгч онгоцны төслөөс Турк улсыг хассан билээ. АНУ-ын тал Турк С-400 агаараас хамгаалах системийг F-35 сөнөөгч онгоцтой хослуулан хэрэглэснээр Оросын талд технологийн нууцаа алдана хэмээн болгоомжилж буй аж.
Вашингтоны засаг захиргаа Туркийн энэхүү үйлдлийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар төлөвлөж буй талаар албаны эх сурвалжууд мэдээлжээ.
"С-400" нь нисдэг бүх төхөөрөмж буюу онгоцноос эхлээд нисэгчгүй онгоц, бүр далавчит пуужинг хүртэл устгах чадалтай. Энэхүү пуужингийн систем нь ОХУ-ын дөрөв дэх үеийн, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем юм.
Эх сурвалж: TASS, CNN
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ