"Монголчууд үнэхээр омогшил, бахархал дүүрэн ард түмэн"

Хуучирсан мэдээ: 2019.07.13-нд нийтлэгдсэн

"Монголчууд үнэхээр омогшил, бахархал дүүрэн ард түмэн"

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

Г.ЦОГГЭРЭЛ: НААДМЫН НЭЭЛТ БОЛ ҮНДЭСНИЙ МЮЗИКЛ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт өнөөдөр /2019.07.11/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө.

Энэ жилийн Баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж байгаа билээ. Ингээд Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчтай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сайхан наадаж байна уу. Үндэсний их баяр наадмаа анх удаа найруулж, ерөнхий найруулагчаар ажиллалаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сайхан. Сайхан наадаж байна. Миний сэтгэл огшиж байна. Монголчууд үнэхээр омогшил, бахархал дүүрэн ард түмэн шүү дээ. Би тэрийг л харуулахыг хичээсэн юм. Үндэсний их баяр наадмыг өмнөх жилүүдэд найруулж, ажилласан бүх найруулагч мундаг. Би ард түмнийхээ хүсэн хүлээсэн наадмын тоглолтын саналыг ард түмнээсээ авч, нээлтийн тоглолтдоо оруулсан. Ард түмэн энэ тоглолтыг л хүссэн. Би энэ хүслийг нь биелүүллээ. Энэ бүхний ард гарсан гэж бодож байна. Энэ бол Үндэсний их баяр наадам учраас Үндэсний мюзикл юм.

Наадмын найруулагчаар ажиллана гэдэг тийм амар биш шүү дээ. Хүн болгонд зүхүүлнэ. Гэхдээ миний ард түмэн энэ наадмаас ирэх цагийн сайхан ерөөлийг авсан гэдэгт итгэлтэй байна. Монголын ард түмэн маань бие биеэ сайн сайхан үгээр ерөөж байгаасай гэж хүсэж ажиллалаа.

-Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтод түүхэн тэгш ойнуудыг оруулж өгснөөрөө онцлог байлаа. Техник технологийн ямар дэвшил ашиглав?

-Энэ жилийн Үндэсний их баяр наадамд технологийн дэвшил ашиглалаа. Энэ бол шинэчлэл гэж хэлж болно. Бид өнөөдөр дэлхийн хэмжээний томоохон нээлт хийгээгүй. Бидэнд маш олон дэвшилтэд технологи дутагдалтай байна. Манай уран бүтээлчдэд авьяас чадвар байна уу байна. Гэхдээ л бид байгаа техник технологио ашиглана наадмынхаа нээлтийг амжилттай хийлээ.

Наадмын нээлтийн тоглолт дээрээ Монголын бэлгэдэл болсон таван нүдэн хэлбэрийг харууллаа. Бас дэлгэсэн тэрлэг шиг монгол нутгаа харууллаа. Монгол гэрээ бүтэн барихыг харууллаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН


Б.БААСАНЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ӨРСӨЛДӨГЧ

 Залуу харваач Б.Баасанжаргалтай цөөн хором ярилцлаа.

-Цэц мэргэн, уухай цээл байг ээ. Сур харваанд хаанаас, хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?

-Баярлалаа. Би Онцгой байдлын Ерөнхий газрын “Эрч” клубээс оролцож байна. Миний сур харваанд оролцож буй хоёр дахь наадам.

-Урьд жилүүдээс юугаараа онцлогтой болж байна вэ?

-Урьд жилүүдтэй харьцуулахад зохион байгуулалт сайтай болж байна. Энэ жилээс эхлээд улсын наадамд харвах харваачдын чансаа тогтоогоод, улсын аваргын тэмцээнд оносон оноогоор нь шигшээд оруулсан болохоор илүү чансаа сайтай болж байна.

-Өнөөдрийн цэц ямар байв?

-Дажгүй ээ, дөрвөн сумаа тавьчихсан. Олон онохдоо бус өнөөдөр баяр наадамдаа сумаа тавьж байгаа нь миний хувьд амжилт гэж бодож байна.

-Өрсөлдөгчид хэр байна? Өөрөө бэлтгэлээ хэр хангасан бэ?

-Би өөрөө өөртөө өрсөлдөгч. Өөр хэн ч биш. Өнөөдрийн дөрвөн сумаа яаж гаргаж байна, багш, ахмад настны заасныг хэр биелүүлж, өөрийгөө хянаж байна гэдэг чинь өөртөө өрсөлдөгч болж  байна гэсэн үг. Тэрнээс биш мянга бусадтайгаа өрсөлдөөд нэмэргүй шүү дээ.


 С.ЭРДЭНЭ: “З.ЭНХБОЛДОД УЛС ТӨРД ЯВАХ, КАРЬЕРАА ХӨӨХ ОРОН ЗАЙ БИЙ”

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Улс төрийн намууд сонгуульд ялагдах бүртээ шинэчлэлийн тухай асуудлыг хөнддөг. АН ч мөн ялгаагүй өнгөрсөн хугацаанд шинэчлэлийг өрнүүлсэн. Эрх баригч нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд төвлөрч байгаа энэ үед АН намынхаа үзэл баримтлалыг иргэдэд таниулж уулзалт хийгээд ирлээ. Шинэчлэлийн үр дүн өнөөдөр хэр байна вэ?

-2016 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд АН үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Үүний дараа намын шинэчлэлийг эхлүүлэх шаардлагатай гэж үзэн, намын зургадугаар Их хурлаар шинэчлэлийн үйл явцыг эхлүүлэх шийдвэр гарсан. Ардчилсан намын дотоод шинэчлэлийн үйл явц хоёр чиглэлд өрнөж байгаа. Нэгдүгээрт, намын дотоод бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний шинэчлэл, анхан дунд шатны намын зохион байгуулалтууд, намын төлөөллийн төв байгууллага шинэчлэгдсэн. Үндсэндээ эхний энэ зорилт амжилттай хэрэгжсэн гэж харж байгаа. Анхан, дунд шатны төлөөллийн төв байгууллага буюу аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороодын бүрэлдэхүүний 80 орчим хувь нь шинэчлэгдлээ. Хуучнаар намын төлөөллийн төв байгууллага болох 228 гишүүнтэй Үндэсний зөвлөлдөх хороог татан буулгаж, оронд нь Үндэсний бодлогын хороо шинээр өргөтгөн 410 гишүүнтэйгээр байгуулсан. Үндэсний зөвлөлдөх хороонд хууччуул нь ордог, залуус, эмэгтэйчүүдэд боломж олгодоггүй гэсэн шүүмжлэл өнгөрсөн хугацаанд хүчтэй байсан. Тэгвэл өнөөдөр Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 54 хувь нь 39 хүртэлх насны залуус, 45 орчим хувь эмэгтэйчүүд орж ирсэн нь маш том шинэчлэл байлаа.

Мөн сүүлийн 8-9 жил үндсэндээ АН-ын ротацийн сонгуулийг зогсож, үүнээс улбаалж Үндэсний зөвлөлдөх хорооны 228 хүн дархлагдаж ямар ч халгаа сэлгээгүй явж ирсэн. Энэ нь эргээд намын шинэчлэл, намд шинэ хүн орж ирэх зэргийг хаасан гэж хэлж болно. Тэгвэл ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуулийг сэргээснээр намын аль ч шатны гишүүдэд улс төрийн карьераа өсгөх, намын тодорхой шатанд дэвшиж ажиллах, намын бодлогод оролцох зэрэг нөхцөлийг нээж өгсөн.

Манай намын шинэчлэлийн хоёр дахь том зорилт бол намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлийг тодорхойлох явдал байлаа. Өнөөдөр улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 30 гаруй нам дотор өөрийн өнцөг, ялгаагаа харуулсан улс төрийн нам бараг алга. Бүгд л шударга ёсыг ярьдаг, хоорондоо ялгагдах зүйлгүй болсон. 1990-2000 он хүртэлх улс төрийн намууд өөрсдийн гэсэн онцлогтой байсан. Тухайлбал, тухайн үеийн МАХН цэвэр коммунизм чиг баримжаатай нам байсан. Ардчилсан намын хувьд хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг гол тунхгаа болгож байсан. Үндэсний дэвшилт нам хувийн өмчит зах зээлийг чухалчилдаг, Монголын ногоон нам байгаль орчин, экологийн чиглэлд түлхүү анхаардаг зэрэг нам бүр өөр өөрийн гэсэн онцлог, үзэл баримтлалтай байлаа.

Гэтэл 2000 оноос хойш улс төрийн намуудын онцлог, үйл ажиллагаанууд нь алдагдсан. Хатуухан хэлэхэд, эрх ашигт нэгдсэн хэсэг бүлэг хүний бөөгнөрөл болж хувирсан. Үүнээс улбаалж намуудын рейтинг олон нийтийн дунд ч унаж эхэллээ.

Аливаа улс төрийн нам өөрийн гэсэн үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй байж түүндээ тулгуурласан гишүүдийн нэгдэл бий болсноор тухайн нам өөрийн гэсэн онцлогтой улс төрийн хүчирхэг нам болдог юм байна. Тухайлбал, Англи, АНУ-д гэхэд манайх шиг улс төрийн хоёр том хүчинтэй, мөн жижиг намууд олонтой. АНУ-ын Бүгд найрамдах нам барууны чиглэлийн, Ардчилсан нам нь ардчилсан нэртэй боловч зүүний чиглэл баримталдаг. Яг үүн шиг манай нам үзэл баримтлалаа тодорхой болгохын тулд хоёр жил гаруй хугацаанд хэлэлцүүлэг явуулсан. Намын бүх шатны байгууллагын гишүүд цаашлаад иргэд сонгогчдын оролцоог хүртэл хангасан. Ингээд 2018 оны арван хоёрдугаар сард намын есдүгээр Их хурлаар үзэл баримтлалынхаа төслийг хэлэлцэж баталсан. Улмаар 2019 оны нэгдүгээр сард Улсын Дээд шүүхэд намынхаа үзэл баримталлаа бүртгүүлсэн. Энэ нь улс төрийн намуудаас хамгийн анхны тохиолдол. Нэг үгээр хэлбэл, намын үндсэн дүрмээс гадна үзэл баримтлалаа дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлнэ гэдэг бол  маш чухал. Аль аль нь эрхзүйн үр дагавартай, албан ёсны бичиг баримт болж хувирч байгаа юм. Цааш цаашдаа энэ эрхзүйт  үзэл баримтлалынхаа хүрээнд ажиллана гэсэн үг.

-Намууд боловсон хүчний тодорхой бодлого, сахилга бат, зохион байгуулалтгүй, сул хэвээр байна гэдгийг зарим судлаачид хэлдэг. Намын дотоод бүтцээ тэр чигтээ өөрчилсөн АН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргаа солих тухай "бор шувуу нисгэх" болж.  Ийм яриа танай намд гараа юу?

-Би энэ талаар нэг ч хүнтэй яриагүй, ярих нь байтугай энэ тухай бодоо ч үгүй байна. Хаанаас хэн чулуу шидсэнийг нь ойлгохгүй байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан үүрэгт ажлаа хэвийн хийж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж