“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авторалли уралдаан долдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж байна. Уг уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Эрхүүгээс эхэлсэн уралдааны оролцогчид баяр наадмын үеэр Төв аймгийн Хөшигтийн хөндийд саатсан. “Торгоны зам” уралдаан энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар манай улсын нутагт болж байгаа бөгөөд дэлхийн олон оронд уралдааны мэдээллийг олон улсын сэтгүүлчид түгээж байна.
“Торгоны зам” олон улсын автораллид оролцогчид өчигдөр “Мандалговь – Даланзадгад”-ын маршрут бүхий уралдааны зургадугаар үе шатыг эхлүүллээ. Энэхүү үеийн уралдааны замын нийт урт 412 км бөгөөд түүний дотор тусгай зайн тэмцээний замын урт 408 км гэж тэмдэглэгдсэн байна.
Уралдаанд Катар, Франц, АНУ, ОХУ, Япон зэрэг орны тамирчид төрөлдөө тэргүүлж байгаа талаар http://www.silkwayrally.com/en/main.html албан ёсны сайтад мэдээлсэн байна.
“Торгоны зам 2019” уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулж байна. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллага ажиллаж, мэдээллийг дэлхийн 200 гаруй оронд шууд дамжуулан хүргэж байна.
Мотоциклийн төрөлд дөрвөн эмэгтэй тамирчин оролцож байгаагаас ОХУ-ын тамирчин Анастасия Нифонтова, Испанийн тамирчин Габриэла Новотнацагт нар уралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Тэд Монголын нутагт уралдаанаа зогсоосон байна. Харин энэ төрөлд өрсөлдөж байгаа Испанийн тамирчин Лайя Санс, Монголын Б.Бат-Ундрал нар тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Мөн Монголын тамирчид автомашины төрөлд өрсөлдөж байгаа билээ. Уралдаанд оролцогчид Төв, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар өнөөдөр уралдаж, Гашуунсухайтын боомтоор БНХАУ-ыг зорих юм.
“Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны ХУВААРЬ:
- 7.06 – ОХУ – Иркутск /нээлт/
- 7.08 – Улан-Үдэ
- 7.09-10 – Улаанбаатар
- 7.11 – Мандалговь
- 7.12 – Даланзадгад
- 7.13 – Баянбулаг боомтоор гарах
- 7.14 – БНХАУ – Алашань /Alxa Yonqi/
- 7.16 – Жиаюгуан /Jianguguan, ХААЛТ/
“Торгоны зам 2019” /Silk Way Rally/-ийн Монголд болж буй уралдааны фото агшнаас хүргэж байна.
Холбоотой мэдээ