Хүчит бөхийн барилдааны тавын даваанд 12 аймаг, цэргийн цолтой бөхчүүд үлдсэнээс таван Улсын начин төрсөн билээ. Үндэсний бөхийн барилдааны наймын даваа эхлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншин танилцуулж, шинэхэн Улсын начин цолтнуудад шагнал гардуулан өглөө.
Үүнд Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат аймгийн арслан Б.Цэдэнсодном нар төрийн их баяр наадмаараа тав давж, Улсын начин цолны болзол хангасан билээ. Ингээд шинэхэн Улсын начин цолтнуудын сэтгэгдлээс хуваалцлаа.
Н.Баярбаатар: Наадмаараа улсын цолтны эгнээнд багтсандаа баяртай байна
“Юуны өмнө Монголынхоо ард түмэнд баяр наадмын мэндийг хүргэе. Үнэхээр их баяртай байна. Үндэсний их баяр наадмаараа улсын цолтны эгнээнд багтаж, нэр хүндтэй цол хүртсэндээ баяртай байна” гэв.
Б.Цэдэнсодном: Начингийн даваа хүнд байлаа
“Баярлалаа. Монгол түмэндээ баяр наадмын мэнд хүргэе. Тэр дундаа Өвөрхангай аймгийн зон олондоо баярын мэнд хүргэе. Барилдаан болгон хүнд байлаа. Монгол Улсын начин цол хүртсэндээ баяртай байна ” гэсэн юм.
Ж.Ням-Эрдэнэ: 36 насандаа Улсын начин цол хүртлээ
“Миний хувьд үндэсний бөхийн спортод хүчин зүтгээд 20 жил болж байна. Монгол Улсын начин цолыг 36 насандаа хүртсэндээ тун баяртай байна. Энэ олон жилийн хугацаанд намайг дэмжиж, өдий зэрэгтэй тусалж, дэмжсэн аав, ээж, нутгийн ахан дүүстээ маш их баярлалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамт олондоо баярлалаа гэж хэлье”
Б.Орхонбаяр: Үндэсний бөхөөр таван жил хичээллээд, Улсын начин боллоо
“Би үндэсний бөхийн спортоор хичээллээд таван жил болж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаараа Монгол Улсын начин цол хүртсэндээ баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлаж байна. Анхны чөлөөт бөхийн спортын багш нар болон намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай” гэлээ.
Гэрэл зургийг: Э.ЭНХБАТ
Холбоотой мэдээ