“The Hu хамтлагийн өлгий нутгийг үзэх гэж ирсэн"

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

“The Hu хамтлагийн өлгий нутгийг үзэх гэж ирсэн"

Баяр наадмын өдрүүд үргэлжилсээр. Гадаадын жуулчид энэ тэрүүгээр үзвэр, үйлчилгээ сонирхож, Монгол оронтой танилцсаар явна. Тэдний төлөөлөл болсон жуулчидтай уулзаж баярын сэтгэгдэл хуваалцлаа.

Симоне, Итали улсын иргэн:

Монгол оронд анх удаа ирж байна. Онгоцны буудлаас төв рүү ирж байхдаа байгалийн сайхныг харж явлаа. Наадмын үеэр ирсэндээ баяртай байна. Миний хувьд энэ баярт оролцох чухал биш, харин Монголчууд өөрсдөө энэ баяраа хэрхэн тэмдэглэж байгааг нь харах, ажиглах сайхан байна. Наадам бол зөвхөн Монголчуудын баяр учраас тэд гоё хувцсаа өмсөөд, сэтгэл догдлон тэмдэглэдэг юм байна. Би цэнгэлдэх хүрээлэнд очиж бөх үзэж, бас хурдан морины уралдаан үзсэн.

Монголд ирээд нэг өрөөтэй гэрт орж үзсэн. Тэнд амьдарч буй хүмүүс нь их сайхан сэтгэлтэй, найрсаг байсан. Монгол гэрт ороод би хуушуур идэж, айраг уусан. Хуушуур их гоё амттай санагдсан болохоор нэг дор арвыг идсэн. Тэгээд өнөөдөр “полокдоод”, хуушуур идмээр байсан ч идэж чадахгүй байна. Бас маш том аяганд айраг хийж өгсөн, гэрт байсан хүмүүс надад дуустал уух ёстой гэж хэлсэн. Их хичээсэн боловч даанч би талыг нь үлдээсэн. Төсөөлж байснаас эхлээд амт нь сулхан юм шиг санагдсан боловч уугаад ирэхээр их чанга санагдсан шүү.

Кристоф, Франц улсын иргэн:

Би Францын өмнөд нутгаас ирсэн. Баяр наадмын нээлт үзэхдээ энэ малгайг худалдаж авсан. Яагаад гэвэл манай өмнөд нутгийнхан малгай өмсөх их дуртай учраас Монголоос дурсгал болгож малгай авахаар шийдсэн. Энэ малгайг би хаана ч явсан байнга өмсөх бодолтой байна. Манай нутаг хонины аж ахуйтай, сүүгээр нь бяслаг хийдэг учраас надад Монголын цагаан идээг идэхэд хэцүү санагдаагүй. Би өөрөө рок хөгжим сонсох дуртай. Монголын “The Hu” хамтлагийг сонсоод, эх оронд нь очиж үзье гэсэн бодол төрсөн. Ингээд Транс Сибирээс дамжаад аялж явна.

Ян, Хятад улсын иргэн: Бид Хятадын Гуанжугаас ирсэн. Улаанбаатар луу шууд нислэгтэй болсон учир Монголд ирэхэд хурдан байлаа. Чингис хааны нутагт очиж, эртний Хархориныг үзье гээд найзуудтайгаа ирсэн. Манай улстай харьцуулахад Монгол орон хүн ам багатай, гудамжаар явахад чөлөөтэй сайхан юм. Дөнгөж өчигдөр орой ирсэн учраас наадмын нээлт үзэж амжсангүй. Одоо Чингис хаантай хамт зургаа авхуулчхаад, бөх очиж үзнэ. Бидний аяллын төлөвлөгөөнд түүхийн музей үзэх, Хархорин, Архангай, Өвөрхангай гэсэн газруудаар явна. Цааш нь цэнхэрийн рашаанд очно. Хөдөө очихоороо морь, тэмээ унаж үзэх бодол байна, чадах үгүйгээ мэдэхгүй.

Ник: Герман улсын иргэн

Миний найз бүсгүй Монгол. Түүнтэй уулзахын тулд бас Наадам үзэх гэж хоёр хоногийн өмнө ирсэн. Ялангуяа хотоос гарахад цаг агаар нь их гоё юм байна. Энд ирээд найз охиныхоо хийсэн цуйван, хуушуур идсэн. Үгээр илэрхийлэхийн аргагүй их сайхан амттай байсан. Монгол бүсгүй яагаад сонгосон бэ гэвэл тэд их шударга, хөгжилтэй, ойлголцоход амар байдаг бас хөөрхөн. Бид хамтдаа цэнгэлдэх хүрээлэн явж бөх үзэж сонирхоод дараа нь хотын гудмаар алхсан. Нэг анзаарагдсан зүйл гэвэл Монголчууд их тамхи татдаг юм байна. Энд тэндгүй тамхи татсан хүмүүс харагдсан. Бас нэг зүйлийг ойлгоогүй. Байрныхаа урд, орцонд ууттай хогоо их хаях юм. Энэ хогийг хэн авах ёстой юм бол оо гэж бодоод байсан. Гэхдээ Монголын хөдөө их гоё гэж хэлсэн болохоор байгалийн сайхныг үзнэ гээд догдолж байна шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж