Төв цэнгэлдэх хүрээлэнд НМХГ-ын 400 гаруй байцаагч ажиллаж байна. Тэд наадамчдын эрүүл аюулгүй хүнсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын улсын ахлах байцаагч Н.Одончимэг тодруулахад "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдрийн байдлаар нийт 63 улсын байцаагч Төв цэнгэлдэх дээр үйл ажиллагаа явуулж байгаа 400 гаруй аж ахуй нэгж байгууллагын хоол үйлдвэрлэл, худалдаа, тоглоомын газрын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 30 гаруй иргэний явуулж байсан зөвшөөрөлгүй үйл ажиллагааг газар дээр нь зогсоосон. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 45 лангуунаас таван кг муудсан махыг хурааж, устгалд оруулсан.
Мөн Чингэлтэй дүүргийн хоёр тоглоомын үйл ажиллагааг зогсоосон. Үүнд, нэг тоглоомын дүүжингийн резин суларсан, нөгөө тоглоом нь гэмтэлтэй усан завь байсан. Хоол хийж , иргэдэд үйлчилж байсан цэгүүдэд шалгалт хийхэд тэнд ажиллаж байсан 40 иргэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээний дэвтэргүй байсан. Цэнгэлдэх хүрээлэнд ажиглагдаж буй хамгийн нийтлэг зөрчил нь гар дээрх худалдаа. Гар дээрээс ямар ч зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүийг иргэд худалдан авч байна. Эдгээр зөрчлүүдийг газар дээр нь таслан зогсоох арга хэмжээг цаг тухайд нь авч шийдвэрлэж байгаа" гэв.
Х.ДАГИНАС
Холбоотой мэдээ