Эрийн гурван наадмын нэгэн төрөл нь сурын харваа билээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадамд 360 эрэгтэй харваач, 180 эмэгтэй харваач цэц мэргэнээ сорьж байна. Монголын үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаярын хэлснээр энэ жил 780 харваач наадамд оролцох хүсэлт тавьснаас Улсын аварга шалгаруулах тэмцээний онооны эрэмбээр 540 харваачийг сонгож оролцуулж байгаа аж. Мөн залуу харваачдын тоо өмнөх жилээс нэмэгдэж 104 шинэ залуу харваач бүртгүүлсэн байна.
Сурын харвааны түүхээс товчхон дурдвал он цаг улирах тусам харваа өргөжин тэлж, хэлбэр нь баяжин, дүрэм нь боловсронгуй болсоор эдүгээ халх, урианхай, буриад гэсэн гурван төрлөөр сурын харваа зохион байгуулагддаг болжээ. Өнөөдөр халх сурвын харваа үргэлжилж байна. Халх сурын харваанд эр, эмгүй харвадаг гэдгээрээ ихээхэн онцлог юм. Ингэхдээ эрэгтэй харваачид 75 метрээс харвадаг бол эмэгтэй харваачид 65 метрээс харвадаг байна. Харваачид гурван өдрийн турш нийт 40 сум харвадаг бөгөөд нэг удаадаа дөрвөн сум харвадаг аж.
Яг одоо 36 дахь сурын харваа явагдаж байна. Одоо дөрөвхөн харвалт үлдээд байгаа юм. Ойролцоогоор хоёр цагын дараа айргийн таван харваачид тодорно гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.
СҮҮЛИЙН ДӨРВӨН СУР ХАРВАЛТ ДЭЭР ЖИНХЭНЭ ӨРСӨЛДӨӨН БОЛНО
Монголын Үндэсний харваачдын холбооны /МҮХХ/ тэргүүлэгч гишүүн Г.Ганхуяг хэлэхдээ “Үндэсний баяр наадам сайхан үргэлжилж байна. Энэ жил МҮХХ-оос ахмад харваачдыг дээдлэх жил болгож зарласан. Энэ хүрээнд 78 насыг зооглож буй харваач, спортын мастер н.Борхүү гуайг МҮХХ-ны хүндэт мэргэн цол тэмдгээр шагнасан. Харваачид тавдугаар сараас эхлэн бэлтгэл сургуулилтаа хийдэг. Ер нь тэдний онооноос бэлтгэлээ хэр хийсэн нь илт харагдаж байна. Одоогийн байдлаар сүүлийн дөрвөн удаагийн харвалт д үлдэж байна. Сүүлийн дөрвөн сур харвалт дээр жинхэнэ өрсөлдөөн болох гээд үзэгчид сэтгэл догдлон хүлээж байна. Удахгүй шилдэг 16 харваачийн харваа болно. Хамгийн өндөр оноотой шилдэг 16 харваачийг шигшин эрэгтэй, эмэгтэй тус бүр найман харваач өрсөлдөнө. Түүнээс эхний таван эр, эм байр шалгарах юм. Ингээд энэ жилийн наадмын эрэгтэй, эмэгтэй тус бүр таван айргийн таван харваач шалгарч гарах юм. Өнгөрсөн жил айргийн тавд орсон харваачдаас ганц хоёр нь энэ жил харваж байна. Гэхдээ энэ жил шинээр улсын мэргэн төрөх магадлалтай байна” гэлээ.
Энэ жилийн хувьд Австрали улс болон БНХАУ-ын төлөөлөл болсон харваачид оролцож байгааг харахад энэхүү спортын цар хүрээ өргөжин тэлж байгааг харуулж буй. Харваачдын зүгээс энэ үеэр эрийн гурван наадмын хамгийн шударга спорт бол сурын харваа хэмээн онцолж байлаа. Сонирхуулахад, сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол олгодог. Нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, хоёр түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, гурав түрүүлбэл “Улсын гоц мэргэн”, дөрөв түрүүлбэл “Улсын гарамгай мэргэн”, тав түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, зургаа түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол олгодог аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ