Үндэсний их баяр наадам хоёр дах өдрөө үргэлжилж байна. Бид баяр наадмын нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзулаас тодрууллаа.
-Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн дуудлага мэдээлэл хэр их бүртгэгдсэн бэ?
-2019 оны долдугаар сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө наадмын эхний өдөр нийслэл хотын хэмжээнд 1400 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүнээс зөрчлийн 754, гэмт хэргийн 56, зам тээврийн 94, бусад 836 дуудлага ирсэн. Үүнээс бусдыг санаатай алах гэмт хэрэг гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд ах дүү нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж нэгнийгээ хутгалан амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлсэн. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах дөрвөн гэмт хэрэг бүртгэгдсэн.
-Төв цэнгэлдэх орчимд 68 хяналтын камер суурилуулсан гэсэн?
-Бид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 68 хяналтын камер ажиллуулсан. Үүний 12 нь тухайн хүний өндөр нам, хувцасны өнгийг ялгамжтайгаар харуулдаг бөгөөд халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд ач холбогдолтой.
-Наадмын өдрүүдэд гол ус бараадах иргэдийн тоо нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар гол усны осол хэчнээн бүртгэгдсэн юм бол?
-Үер усны осолтой холбоотойгоор хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарлаа. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт орчимд 26 настай эрэгтэй амарч зугаалж яваад усанд живж амиа алдсан бол Хан-Уул дүүрэг Яармагийн орчимд 40 настай эрэгтэй мөн живж амь насаа алдсан. Өнөөдөр /2019.07.12/ өглөө Сонсголонгийн гүүрний орчимд нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос усанд живсэн байдалтай олдсон. Одоогоор хэргийн газрын үзлэг явуулж байна. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас завьт эргүүл арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос, Сонсголонгийн гүүрний орчимд эргүүлийн ажиллагаа явуулж байгаа. Иймээс иргэд та бүхэн үер усны аюулаас болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-Эцэг эхчүүдийн анхааралгүй байдлын улмаас хүүхэд төөрөх, алга болох тохиолдлууд их гардаг шүү дээ? Үүнд цагдаагийн байгууллагаас ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Мөн нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар 44 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Цагдаагийн штабт төөрсөн 30 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн юм. Сүхбаатарын талбайд болсон шоу арга хэмжээний үеэр 11 хүүхэд эцэг эхээсээ төөрснийг мөн ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Хүй долоо худагт гурван хүүхэд алга болсон. Ер нь эцэг эхчүүдийн хараа хяналт сул, сонор сэрэмж багатай байгаа нь ажиглагдлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд алга болсон хүүхдүүдийн 14-ийг нь цагдаагийн байгууллагаас гаргасан чипийн дагуу олж эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн. Эцэст нь хэлэхэд баяр наадмын үеэр эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байхыг онцолмоор байна. Цагдаагийн байгууллагаас баяр наадмын үеэр 1400 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд 06.00-21.00 цагийн хооронд ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.