Хэрэглээнээс хассан нийлэг уутаар хогийн сав хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Хэрэглээнээс хассан нийлэг уутаар хогийн сав хийнэ

УИХ-ын 2009 оны зургадугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хууль баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх ёстой ч бодит амьдрал дээр огт биелэхгүй байгаа талаар “Ногоон сав баглаа боодол нийгэмлэг” ТББ-аас өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Хуралд  тус нийгэмлэгийн тэргүүн, Монголын хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн дарга З.Болдсайхан, “Хүмүүн Мед” ХХК –ний захирал Г.Дэжээхүү, Цаасан уутны худалдаа үйлдвэрлэлийн захирал Ч.Ганчимэг нар оролцов.
Тэргүүн З.Болдсайхан хэлэхдээ “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” Монгол Улсын хуулийн IV-ээр зүйлд “Бүх төрлийн 0,025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд баглаа боодлын зориулалтаар хэрэглэхийг хориглоно. Мөн импортлохыг хориглоно” гэж заасан ч нийлэг уут хилээр орж ирсээр байна. Худалдаа үйлчилгээний газрууд,  хүнсний дэлгүүрүүд нийлэг уутыг хэрэглээндээ ашиглаж байгаа нь Мэргэжлийн хяналтын газрын болон тухайн байгууллагуудийн нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүй хэрэг юм. Учир нь дэлхий нийтээр нийлэг уутны хэрэглээг хориж байгаа. Нийлэг уут нь химийн янз бүрийн нэгдлийг өөртөө агуулсан учир хүний эрүүл мэнд, нөхөн үржихүй, ургийн гаж хөгжилд нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталжээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ болон БНХАУ нийлэг уутыг хэрэглээнээсээ өнгөрсөн 2009 оноос эхлэн хассан. Гэтэл манай улс энэ талаар хууль гаргасан ч, хуулиа хэрэгжүүлэхгүй байсаар хоёр улсын хэрэглээнээс хасагдсан гялгар нийлэг уутны хогийн сав болох нь. Яагаад гэвэл хямд үнэтэй тэдгээр уутыг хилээр татваргүй оруулж ирдэг” гэв.
Мөн энэ үеэр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар саяхан нийлэг уутний мм-ийг хэмждэг төхөөрөмжтэй болж, бид худалдаа үйлчилгээний байгууллага, худалдааны төвүүдэд хүнсний бүтээгдхүүн савалдаг нийлэг уутны хэмжээг шалгуулсан.  Ахуйн хэрэглээний буюу супермаркетууд, захуудад худалдаалагддаг сэнжтэй торны хувьд  0.017-0.022 мм,  харин хүнсний зориулалтай шууд ашигладаг нийлэг уутны хувьд 0,080 – аас дээш байх ёстой ч 0,020-0,059 мм  байсан. Сэнжтэй торыг зөөврийн зориулалтаар ашиглаад хаяж болох ч шууд хүнсний зориулалттай нийлэг уут буюу нимгэн хальсан уутанд нян амархан үржиж,  тухайн хүнсний бүтээгдхүүнийг муутгадаг. Гэтэл цаасан уут болон нэг удаагийн тор, даавуун уут зэрэг нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, байгаль экологид хор нөлөөгүй хэрэглээ юм. Хамгийн гол асуудал нь нь нийлэг уутийг зах зээлээс хасахын тулд эдийн засгийн бодлого чухал үүрэгтэй . Нийлэг уутийг хилээр оруулахад өндөр татвар оногдуулж, харин цаасан торны болон нэг удаагийн тор үйлдвэрлэхэд шаардлагатай бүтээгдхүүний татварыг багасгах буюу татваргүй болгох хэрэгтэй юм. Ингэснээр зах зээл дэх үнийн ялгаа арилна. Учир нь нийлэг уут 50-200 төгрөг байдаг бол цаасан уут, нэг удаагийн тор 100-500 төгрөг байдаг” гэв.
Тус нийгэмлэгийн гишүүд Мэргэжлийн хяналтын алба болон холбогдох байгуулагынхантай хамтран ажиллах явцдаа Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвөөс 2005 онд гаргасан “Хүнсний нийлэг сав баглаа боодол, техникийн ерөнхий шаардлага” нэртэй Монгол улсад мөрдөгдөх стандартын албан хэвлэлийн эмхэтгэлийг олжээ. Гэвч ийм стандарт байдаг гэдгийг Мэргэжлийн хяналтынхан мэдэхгүй байсан гэнэ. Харин Стандартчлал хэмжилзүйн үндэсний төвөөс уг эмхэтгэлийг авья гэхэд нь үзэхэд 300 төгрөг, хуулбарлахад 10 мянган төгрөг гэсэн байна.
Хурлын үеэр “Нийлэг уутны хэрэглээнээс татгалзаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломж хүн бүрт бий. Энэ оны эхээр Өвөрхангай аймгийн Засаг дарга нийлэг уутыг хэрэглээнээс   хасах талаар алхам хйисэн. Тус аймагт манай Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт үйлдвэрлэлийн салбар төвд 7 хараагүй иргэн ажилладаг бөгөөд тэднйи хийсэн цаасан уут аймгийн нийт хэрэгцээг хангаж байна. Гэтэл нийслэлийн хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төв л гэхэд өдөрт 10 мянган цаасан торийг хийх боломжтой. Тийм болохоор иргэн бүр эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах үүднээс нийлэг тор хэрэглэхийг татгалзаж, хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг уриалж байна” гэлээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж