УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс ирүүлсэн даалгаврыг хэлэлцэн санал дүгнэлтээ буцаан Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлэхээр болжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр АН, МАН-ын хамтран ажиллах гэрээнд тусгасан ажлуудыг нэгбүрчлэн хэлэлцсэн байна. Ингэхэд хамтын гэрээнд тусгасан ажлууд хангалтгүй дүн авчээ. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хоёр жилийн өмнөөс ярьж, ажлын хэсэг гарган ажилласан. Өөрөөр хэлбэл, МАН Засгийн газарт хамтрахаас өмнө УИХ-аас эхлүүлсэн ажил. МАН Засгийн газарт хамтарсан хэдий ч үүн дээр тодорхой ахиц гараагүй.
Гэрээнд заасан хоёр дахь асуудал болох Сонгуулийн нэгдсэн хуулийг батлах тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс 40 орчим саналыг ажлын хэсэгт ирүүлсэн байна. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ажиллаж буй. Түүний мэдээллээр бол МАН-ын бүлгээс ирүүлсэн 40 орчим саналаас 32-ыг нь Сонгуулийн нэгдсэн хуульд тусгасан. Харин 8 нь авах хэцүү, хаях хэцүү санал байсан гэжээ.
Тухайлбал, сонгуульд нэр дэвшигч маргаан гаргавал тухайн тойрогт хяналтын тооллого хийе гэх саналыг МАН ирүүлсэн юм байна. Энэ тохиолдолд бараг бүхий л тойргийн саналыг хяналтын тооллогод оруулж мэдэх нөхцөл үүсч болзошгүй тул зөвхөн хяналтын тооллогынхоо тоог нэмье гэх зөвшилцөлд хүрсэн аж. Удтал ярилцсаны эцэст талууд ийм зөвшилцөлд хүрсэн ч эцсийн дүндээ МАН УИХ-ын сонгуулийг, орон нутгийн сонгуультай хамт явуулахгүй хэмээн гэдийжээ. Үүнээс болж, Сонгуулийн нэгдсэн хуулийг өргөн барихад бэрхшээлтэй болж, ацан шалаанд орсон байна.
Мөн гэрээнд тусгасан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэх шатанд МАН-ын бүлэг унагасан.
Тавантолгой төсөл, Оюутолгой төсөл гацаатай, урагшлаагүй гээд үндсэндээ гэрээнд заасан ажлууд хангалтгүй гэх үнэлгээг авсан аж.
Харин биелэсэн ажлуудын тухайд албан тушаалын томилгоо хангалттай гэх дүнг авчээ. Тухайлбал, МАН Засгийн газарт хамтарснаар яам, агентлагуудад үндсэнд нь сэлгээ хийж, өөрсдийн намын хүмүүсээ томилсон төдийгүй УИХ-ын төвшинд тодорхой байнгын хороодыг удирдах болсон нь хангалттай гэх үнэлгээг авахад нөлөөлсөн бололтой.
Гэхдээ дээрх асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дунд “Тодорхой хугацаа заагаад гэрээнд заасан ажлуудаа урагшлуулахын төлөө зүтгээд үзье. Ингэхийн тулд тодорхой хугацаатай ажиллая” гэх байр суурьтай гишүүн ч байсан аж.
Ямартай ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг санал дүгнэлтээ Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлд хүргэх юм байна. Харин Гүйцэтгэх зөвлөлөөс УИХ дахь Ардчилсан намын бүлэгт тодорхой шийдвэр ирүүлснээр МАН Засгийн газарт байх эсэх нь тодорхой болох аж. Ардчилсан намын бүлгийн хуралдаан өндөрлөөд байна.
Мөн өөр нэг эх сурвалжийн дамжуулснаар МАН Засгийн газарт байх эсэхээ удирдлагуудын төвшинд хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдтой энэ асуудлаар уулзсан бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцжээ.
МАН-ын дарга М.Энхболдын зүгээс асуудлыг тайван хүлээж авсан гэж байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эргэж харах нүүртэйгээр шийдвэрээ гаргаарай даа” гэсэн хатуухан үгийг чулуудсан тухай дуулдаж байна.
МАН Засгийн газарт хамтрахдаа “Хамгийн их алдах юмтай нь Ардын нам. Намаа бодсонгүй, улсаа бодож их эрсдэл хүлээн Засгийн газарт хамтарлаа” хэмээн гишүүд нь хэлж байсан удаатай.
Харин одоо МАН-ыг Засгийн газарт байлгах эсэхийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл эцэслэх болж байна. Нэгэнтээ тус зөвлөлөөс “МАН-ыг Засгийн газраас гаргая, гэрээний биелэлт хангалтгүй байна” гэж дүгнэвэл МАН-ын хувьд нэг их асуудал болж, Засгийн газарт “шигдээд” суухгүй л болов уу. Учир нь Ардчилсан намын араншинг МАН-ынхан бусад улстөрийн хүчнээс илүүтэй мэдэх учраас.
Г.ДАРЬ