Хаалттай хуралдаанаар засгийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

Хаалттай хуралдаанаар засгийг хэлэлцэж байна

УИХ дахь ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хаалттай хуралдаж байна. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийн тухай хэлэлцэхээр төлөвлөсөн ч Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байсан, мөн бүлгийн гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдсон юм. Харин өнөөдөр дээрх асуудлаас гадна Шийдлийн Засгийн газрыг огцруулах асуудлыг ярилцах сураг байна.

Эх сурвалжаас авсан мэдээгээр бүлгийн хуралдаанд зөвхөн гишүүд оролцож байгаа бөгөөд нэг ч ажлын хэсгийг оруулаагүй аж. Мөн Шийдлийн Засгийн газрын хувь заяа тун бүрхэг болж байгаа гэнэ. Бүлгийн хуралдаанаас болж өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хойшлуулсан юм.

“Шонхор”-ын сайдууд Засгийн газраас гарахаар болсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд өдлөх болсон. Энэ яриаг ч тус намын зарим гишүүд баталж байна. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газрыг МАН-тай нийлж огцруулсан “Шонхор”-ынхон Шийдлийн Засгийн газрыг огцруулахаар хөдөлж эхэлсэн бололтой. Гэхдээ Ардын намыг хөөж, тууж аргыг барж, “өргөдлийг нь өөрөөр нь бичүүлнэ” гэгчээр өөрсдөөр нь “гарна” гэдэг үгийг хэлүүлэх тактикийг “Шонхор”-ынхон барьж байгаа аж. Харин үүний дараагаа З.Энхболдыг Ерөнхий сайд болгох, чингэхдээ аргагүйн эрхэнд гэдэг үгээр шалтаг хийхээр төлөвлөсөн гэсэн яриа саарал ордноос гарч байна. Бүлгийн хуралдаан үргэжилж байна.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж