Тулгар төр байгуулагдсаны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар шагайн харваанд 97 багийн 800 орчим харваачид оролцож байна. Улс, аймгийн цолтой 370 гаруй харваач оролцож байгаа аж.
Хэсгийн тоглолтоос тодорсон шөвгийн 8 баг өнөөдөр цэц мэргэнээ сорьж өрсөлдөж байна. Энэ үеэр Шагайн харвааны салбар хорооны гишүүн У.Дамбасүрэн “Гурван өдөр бид сайхан наадлаа. Нийтдээ 96 багийн 800 гаруй харваачид оролцсон. Ахмад багийн 12 харваач тусдаа оролцож байна. Үүнээс 84 багийн харваач маань гурван өдөр өрсөлдөж байна. Өнөөдөр шигшээ найман багийн тоглолт үргэлжилж байна. Өнөөдөр дөрвөн баг үндсэндээ медалийн төлөө тоглоно. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн н.Алтангэрэл ахлагчтай баг, Өмнөговь аймгийн н.Түвшинбаяр ахлагчтай баг, УТБЗ-ийн н.Болд ахлагчтай баг, Баянхонгор аймгийн баг, АПУ компанийн баг, Өвөрхангай аймгийн н.Ганбат ахлагчтай баг байна. Мөн Төв аймгийн н.Энхбат ахлагчтай найман баг шигшээд өрсөлдөж байна.
Шагай бол нас харгалзахгүй мэргэнээ сорьдог сайхан спорт юм. Тийм болохоор энэ жилийн шагайн харваанд нийт орсон баг харваачдаас н.Дагвадорж гуай 69 настай, хамгийн бага залуу нь н.Өнөржаргал гэх ЕБС-ийн сурагч хүүхэд оролцлоо.
Ер нь шагай харваачдын нас их залуужсан байна. Харваачдын 50 гаруй нь залуус байх бөгөөд нийт 370 гаруй нь аймаг, улсын цолтой харваачид орсон байна. Үүнд Монгол Улсын даяар дурсах дархан мэргэн, Хошой мэргэн, аймгийн гоц мэргэн нийлсэн өргөн хүрээтэй харваачид орсон байгаа. Тэмцээний онцлогийн хувьд энэ жил нар хур тэгширсэн сайхан тэмцээн болж байна. Багууд өрсөлдөөнтэй, бэлтгэл сайтай оролцож байгаа. Тамирчдын ур чадвар үнэхээр өндөр байлаа. Тэр дундаа баг тамирчдыг шүүхэд нэлээд хүндрэлтэй байна. Мэдээж өрсөлдөж байгаа учраас бүгд хэн ч хэнийгээ хожиж магадгүй байдалтай байгаа” гэлээ.
Шагайн харваа өнөөдөр 15.00 цагаас шилдэг баг тамирчдаа тодруулах юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ