Наадам болоход ердөө арваад хоног үлдлээ. Харамсалтай нь энэ жил наадам болох уу, найр болох уу гэдэг бүрхэг. Наадмын гол чимэг болсон хүчит бөхчүүдийн зүүн, баруун магнайг хэн тэргүүлэх нь маргаантай. Хоёр дархан аварга болох Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар хэн нь зүүнээ магнайлах талаар хэвлэлээр хэрүүл өрдөж байна. Өнгөрсөн жил нэгэн өдөр Дархан аварга цол хүртэж олныхоо магнайг тэнийлгэж байсан хоёр сайхан бөх маань наадмын өглөө хэн нь баруун, зүүнээс босох уу гэдэг дээр маргалдан А.Сүхбат аварга зүүнээс, Г.Өсөхбаяр аварга баруунаас босч барилдацгаасан. Харин энэ жил “ном журмаараа бол би зүүнээс босох ёстой” хэмээн Г.Өсөхбаяр аварга мэдэгдээд амжлаа. Энэ маргааныг хагалдаг газар нь хэн болох талаар наадамчдад тоймтой ойлголт алга. Зөвхөн долдугаар сарын 11-ний өглөө бөхчүүдийн зүүн, баруун магнайг харж л найр болох уу, наадам болох уу гэдгийг ойлгох бололтой.
Сүүлийн өдрүүдэд Саарал ордноос засаг төр үймэх талаар дахиад л сонсогдож эхэлсэн нь наадам болох уу, найр болох уу гэдэг асуултыг асуухад эрхгүй хүргэж байна. Наадмаас өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах ээлжит сценари бэлэн болсон гэх мэдээлэл сонсогдож байна. Ханилгаагүй МАН-ыг засгаас гаргана хэмээн Ардчилсан нам ширүүхэн мэдэгдээд эхэлсэн.Харин зургаан сайдын суудлаар засагт орж ирсэн МАН “Ардчилсан нам биднийг хөөж чадахгүй” хэмээн цээжээ дэлдэж байгаа. Хэдийгээр найр тавин засагт оруулсан МАН “жаргах замд минь садаа болж байна” хэмээн ардчилагчид хэлж байгаа ч үнэндээ ардчилагчид дотроо л засаг бужигнуулах сценарийг бэлдсэн гэх. Энэ удаагийн сценариар зөвхөн Ерөнхий сайдын төдийгүй УИХ-ын даргын сэнтий шинэ эзэнтэй болно гэсэн яриа байна.
Ардчилсан нам засаг барьж чаддаггүй гэсэн үг 1996-2000 оны хооронд тэд дөрвөн засаг сольсноор нотлогдсон зүйл. Эдүгээ тэд хоёр дахь засгийнхаа нүүрийг үзээд явж байгаа. Хэрэв улс төрийн ээлжит тоглоомын сценари биеллээ олвол тэд гурав дахь засгийнхаа нүүрийг үзнэ. Ээлжит сценари биеллээ олоход МАН-ынхан могойд барьдаг мод болох ёстой аж.
Тэгэхээр наадам болох уу, найр болох уу?
А.ТУЛГА