Хэн нь зүүний магнайд гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

Хэн нь зүүний магнайд гарах вэ?

Үндэсний их баяр наадам эхлэхэд 11 хоног үлдлээ. Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойгоор даян аварга А.Сүхбат зодоглохоор болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор наадмын барилдаанаар Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүнийг магнайлах вэ гэдэг асуудал үүссэн. Одоогоор Үндэсний их баяр наадмын комисс, Монголын үндэсний бөхийн холбооноос ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй байна. Харин энэ асуудалд иргэд ямар байр суурьтай байна вэ гэдэгт бид хариулт авлаа.

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Бат

Баримталдаг эрэмбийнхээ дагуу А.Сүхбат аварга зүүн жигүүрийг манлайлах ёстой. Д.Сүхбат Г.Өсөхбаяраасаа түрүүлж аварга болсон хүн шүү дээ. Зодог тайлчихаад эргээд барилдана гэдэг зарчмын хувьд бол зохисгүй. Гэхдээ бидний нийгэм өөрөө сонин болсон болохоор хувь хүний л сонголт байх аа. Бөх их сонирходог хүний хувьд ийм л бодолтой байна.

 


Чингэлтэй дүүргийн иргэн Д.Нэргүй

Хамгийн түрүүнд А.Сүхбат л аварга болсон. Иймээс Г.Өсөхбаяр аварга манлайллын асуудал дээр барьцах хэрэггүй ээ. Хамгийн түрүүнд А.Сүхбат аварга л гарна ойлгомжтой.

 


Баянзүрх дүүргийн иргэн О.Болд

Мэдэхгүй. Ямар цолыг нь хасууллаа даа. Тэгээд л оронд дархан аварга болцгоосон улс шүү дээ. Түрүүлж цол авч, түрүүлж гарч ирсэнээрээ А.Сүхбат л гарах юм болов уу. Сайн мэдэхгүй байна. Урлаг спортынхон ер нь хэн нь хаагуур ямар лобби хийж явдагыг мэдэхгүй л байна.

 


Монгол Улсаас Чех улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Зүмбэрэллхам

Монгол бөхийн уламжлалт дэг жаягаар бол түрүүлж цол авсан бөх нь манлайлдаг байх ёстой гэсэн ойлголттой байдаг. Ийм асуудал дээр бөхчүүд хоорондоо ёс жудагтайгаар ойлголцоод түрүүлж цол авсан нэгнээ хүндэтгэх хэрэгтэй байх. Энэ асуудал ер нь шинэ ойлголт . Өмнө нь ийм маргаан гарч байгаагүй байх.

 


Сүхбаатар дүүргийн иргэн П.Батмөнх

Нэгдүгээрт хоёулаа зэрэг барилдах юм уу?. Хэрэв зэрэг барилдах бол хуулинд юу гэж заасан түүнийг л баримтлах хэрэгтэй. Хуулиас гадна эрэмбэ, бөхийн чанар байна. Тэрнээс бөхийн холбоо Г.Өсөхбаярыг дэмжлээ. Д.Сүхбатыг тамгын газар нь дэмжлээ гэдгээр асуудлыг шийдэж болохгүй. Манай нийгэм шударга бус байгаа нь одоо бөхөд тусч байна. Энэ бол бага асуудал биш том асуудал. Зүгээр хэрүүл хийгээд байж болохгүй. Жишээлбэл Д.Бат-Эрдэнэ Х.Баянмөнх аварга хоёрыг хооронд харьцуулах ёсгүй. Бөхчүүд ёс жудагтай, эрэмбэтэй, нас намбатай байх ёстой. Эрэмбээрээ бол Г.Өсөхбаяр аварга л зүүн жигүүрийг манлайлах нь зөв гэж би бодож байна.

Д.УЛАМБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж