Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд жүдо, чөлөөт бөхийн шилдэг тамирчид барилдаж байна.
Монгол Улсын анхны олимпийн аварга, анхны хос медальт, жүдоч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр аймгийн арслан О.Баярхүүгээр гурав давж, дөрвийн даваанд үлдлээ.
Н.Түвшинбаяр 2013 онд Ардын хувьсгалын 92 жилийн ойн Улсын их баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяраар зургаа давж, Улсын харцага цол хүртсэн. Мөн 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр наадамд Улсын харцага О.Хангайгаар долоо даван шөвгийн дөрөвт үлдэж, улсын заан цолтой болсон юм.
Н.Түвшинбаяр заан энэ жил цолоо ахиулах бөхчүүдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа.
Сануулахад, 2019 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сард Японы Токио хотод болох билээ. Монгол Улсын шигшээ багт Н.Түвшинбаяр багтсан бөгөөд тэрбээр +100 кг-ын жинд барилдана.
Холбоотой мэдээ