УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээллийг сонссон байна. Энэхүү хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлс, цалин, урамшууллыг хөдөлмөрийн бүтээмж, ур чадвартай нь холбож тогтоох, хөдөлмөрийн цагийн үнэлэмжийг нарийвчлах, цалингийн хэмжээг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулах, цалингийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэл баримтлахыг бүлгийн зүгээс холбогдох сайдад үүрэг өгчээ.
Мөн хурлаар бүлэг Эрүүгийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн, энэ тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлэхээр болсон байна. Тухайлбал, энэ хуулийн төсөлд 41 зүйл, заалтаар баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх заалт оруулснаас гадна төрийн өмчийн төсвийн бус хөрөнгө буюу Хөгжлийн банк, "Чингис" бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгасан байна. Эрүүгийн хуулийн төсөлд торгуулийн ялын мөнгөн хэмжээг тооцооны нэгж гэдэг шинэ зохицуулалтаар тогтоож, бизнес эрхлэгчдийг 20 саяас 13 тэрбум 330 сая төгрөгөөр торгохоор тусгасныг МАН-ын бүлэг дэмжих боломжгүй, хэтэрхий их байна гэж үзжээ.
Эрүүгийн хуулийн төслийн 19.6-д заасан Туйлширсан хууль бус үйл ажиллагаа явуулах гэдэгт "Олон нийтийг хэт туйлширсан үйл ажиллагаанд уриалсан, хэт туйлширсан үйл ажиллагаа явуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн твиттер, фэйсбүүк, вэб сайтад үзэл бодлоо илэрхийлж, коммент бичсэнийхээ төлөө энэ зүйл ангиар шийтгүүлэх аж. Энэ нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, хүний эрхийн суурь зарчим болсон “хүнийг итгэл үнэмшлийнх нь төлөө эрүүгийн хариуцлагад ногдуулахгүй байх” үндсэн зарчимд харшлахуйц өргөн агуулгатай болжээ гэж үзжээ.
Мөн “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг одоо өргөн мэдүүлэгдэн хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн хуулийн төслөөс хасагджээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг хэрэглэх үед гардаг нэг практик асуудал нь улсын болон орон нутгийн батлагдсан төсвөөс гадуур данс нээж хандив авч зарцуулсан, бусад хөтөлбөр, төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан этгээд хуулийн хариуцлагын гадна үлдэх боломжтой байдаг явдал юм. Тиймээс энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн төсөлд нэмж тусгуулах нь зүйтэй гэж үзсэн аж.
УИХ-аар хэлэлцэж байгаа Эрүүгийн хуулийн төслөөр бизнес эрхлэгчдийг 41 зүйл заалтаар торгохоор тусгасан аж. Тэдгээрийн заримыг жагсааж үзэхэд мөнгөн дүн нь 20 сая төгрөгөөс 13 тэрбум 300 сая төгрөгт хүрч байгаа юм байна.
№ | Эрүүгийн хуулийн зүйл | Торгуулийн хэмжээ |
1 | 18.2.3.Зах зээлийн үнэд хууль бусаар нөлөөлөх | 200000-400000 тооцооны нэгж /400 сая-800 сая төгрөг/ |
2 | 18.3. 3.Татвараас төлөхөөс зайлсхийх | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
3 | 18.9 4.Мөнгө угаах | 666000-6666000 тооцооны нэгж /1 тэрбум 322 сая-13 тэрбум 200 сая/ |
4 | 18.10 4.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах | 666000-6666000 тооцооны нэгж /1 тэрбум 322 сая-13 тэрбум 200 сая/ |
5 | 18.12 4.Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
6 | 18.13 3.Зориуд эсхүл зохиомлоор дампууруулах | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
7 | 20.3 2. Террор үйлдэхийг санхүүжүүлэх | 400000-666000 тооцооны нэгж /800 сая-1 тэрбум 332 сая/ |
8 | 20.7 2.Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
9 | 20.9 3.Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах | 200000-400000 тооцооны нэгж /400 сая-800 сая төгрөг/ |
10 | 20.10 4.Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хууль бусаар ашиглах | 200000-400000 тооцооны нэгж /400 сая-800 сая төгрөг/ |
11 | 20.11 3.Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх орон байраар хангах | 200000-400000 тооцооны нэгж /400 сая-800 сая төгрөг/ |
12 | 20.15 4.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
13 | 20.16 2.Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
14 | 20.17 4.Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
15 | 21.6 3.Өмгөөлөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх | 200000-400000 тооцооны нэгж /400 сая-800 сая төгрөг/ |
16 | 21.7 2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
17 | 21.8 2.Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
18 | 24.1 3.Байгаль орчныг бохирдуулах | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
19 | 24.2. 3-4.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох | 3. 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ 4.400000-666000 тооцооны нэгж/800 сая-1 тэрбум 332 сая / |
20 | 24.3 3-4.Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах | 3. 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ 4.200000-400000 тооцооны нэгж/400 сая-800 сая төгрөг / |
| 24.4 2.Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах | 400000-666000 тооцооны нэгж /800 сая-1 тэрбум 332 сая / |
21 | 24.5 3.Хууль бусаар ан агнах | 200000-400000 тооцооны нэгж /400 сая-800 сая төгрөг / |
22 | 24.6 3.Хууль бусаар мод бэлтгэх | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
23 | 24.8 2.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
24 | 24.9 2 Байгалийн тэнцэл алдагдуулах | 666000-6666000 тооцооны нэгж /1 тэрбум 322 сая-13 тэрбум 200 сая/ |
25 | 25.2 3.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
26 | 25.4 3.Хууль бусаар соёлын өв, археологи, палентологийн хайгуул, малтлага хийх | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
27 | 25.5 3.Соёлын өв, археологи, палентологийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
28 | 25.3 2.Соёлын өвийг завших, үрэгдүүлэх | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
29 | 27.9 2.Замын барилга, ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих | 10000-200000 тооцооны нэгж /20 сая-400 сая төгрөг/ |
Ийн торгуулийн хэмжээг тогтоож өгчээ. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн шинжээч Б.Энхбаярын тайлбарласнаар хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой туйлширсан үйл ажиллагаа явуулсан, түүнийг уриалсан бол 1-5 жил хорих тодорхойгүй ерөнхий заалт тусгасан байгаа. Энэ тохиолдолд фейсбүүк, твиттер, сонин сэтгүүлд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хорих ял авах хатуул заалт оруулж ирсэн. Түүнчлэн сонгуультай холбоотойгоор сонгуулийн дүнд нөлөөлөхүйц байдлаар гүтгэх юм бол хорих ялаар шийтгэнэ. Сонгуулийн дүнд нөлөөлөхүйц гэдэг нь субьектив учраас дэмжих боломжгүй гэж бүлгийн гишүүд үзсэн гэх тайлбарыг энэхүү хурлын үеэр мөн онцолсон юм.
Г.ДАРЬ