ОХУ-ын Төрийн Дум “Coca-Cola”, “Pepsi” ундааг ОХУ-д импортлохыг хориглосон шийдвэр гаргажээ. Дэлхийд алдартай хийжүүлсэн ундааг үйлдвэрлэгчид нь АНУ-ын улс төрийн гол хүчнүүдийг санхүүжүүлдэг хэмээн ОХУ-ын Төрийн Думын гишүүн, “Тэтгэврийнхэн шударга ёсны төлөө” намын дарга Игорь Зотов мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Барууны хүнсний бүтээгдэхүүний эсрэг хоригт Бельги, Герман, Францаас ОХУ-д орж ирдэг шоколад, Голланд цэцгийг багтаажээ. Хоригоор далимдуулан ОХУ дотооддоо шоколад үйлдвэрлэлийг сайжруулах зорилготой аж. ОХУ-д өнгөрсөн онд Нидерландаас 226 сая ам.долларын цэцэг импортон оруулж ирсэн байна.
ОХУ нь өнгөрсөн долоо хоногт Барууны хүнсний бүтээгдэхүүний эсрэг хоригийг ирэх оны наймдугаар сарын 2-ныг хүртэл бүтэн жилээр сунгасан билээ. Өмнө нь Европын холбоо ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо ирэх оны нэгдүгээр сарын хүртэл хагас жилээр сунгасан юм. Европын холбооны зүгээс Укрианы зөрчил мөргөлдөөний нөхцөл байдлыг ажиглах зорилгоор ОХУ-ын хоригоо сунгаснаа тайлбарлажээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Pravda.Ru