Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо.
Нээлтийн ёслолын дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн гурван өндөрлөгийн хамт сурын талбай болон шагайн асарт зочилж, наадамчин олонтой мэндчилэв.
Түүнчлэн МҮОНРТ-ийн шууд эфирээр дамжуулан наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “Улс орны хөгжлийн зүтгүүр болсон Улаанбаатар хотынхоо нийт иргэд, оршин суугчдадаа Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье. Жаргалтайн дэлгэр Монгол оронд минь нар, хур тэгширсэн сайхан зун болж байна. Урин дулааны улиралд их хотын бүтээн байгуулалтын ажил улам эрчимтэй өрнөдөг билээ. Энэ жилийн хувьд Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км зам, Сонсголонгийн шинэ гүүр гэх мэт авто зам, гүүрийн томоохон бүтээн байгуулалтууд нийслэлд өрнөж байна. Мөн хотын төвийн төвлөрлийг бууруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх Төлөвлөлт төвтэй хөгжлийн бодлогын хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж буйгаас гадна бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр болон түрээслээд өмчлөх гэх мэт түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх “Түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг батлуулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүн төвтэй хот бодлогын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, 2019-2020 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болгох зорилт тавин ажиллаж байна. Цаашид хүнийхээ хөгжлийг нэн тэргүүнд тавьсан, орчны аюулгүй байдлыг хангасан, алсын хараатай төлөвлөлт бүхий цогц бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө илүү хичээж ажиллаж болно” хэмээлээ.
Үүний дараа Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинийг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ