Үндэсний их баяр наадмын өдрүүдээр цагдаагийн бие бүрэлдэхүүн Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнөөдөр соёолон насны морьд уралдаж байгаатай холбогдуулан Хүй долоо худагт иргэдийн урсгал нэмэгдэж, цагдаагийн болон дотоотын цэргийн 1300 орчим алба хаагч хүний хөл хөдөлгөөн ихтэй цэгүүдэд хяналт тавин ажиллаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэллээ. Түүнээс Хүй долоо худагт хэв журмын нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрбээр "ЦЕГ-ын тушаалаар цагдаагийн болон дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна. Яг одоо Соёолон насны морьд уралдаж буйтай холбогдуулан төвөөс нэмэгдэл хүч ирж, үүрэг гүйцэтгэж байгаа юм. Соёолон насны морьдын уралдааныг үзэхээр Хүй долоо худгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн хоёр өдөрт буюу долдугаар сарын 10. 11-нд Гэмт хэрэг зөрчилгүй, ноцтой гэмт хэрэг Хүй долоо худгийн орчимд гараагүй, сайхан наадам болж байна. Цагдаагийн алба хаагчид болон морьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийнхэн наадамчин олны ая тухтай байдлыг хангуулахаар нөхцөл байдал хүндэрсэн цэгүүдэд хяналт тавьж ажиллаж байна" гэлээ.
Баяр наадмын өдрүүдэд Хүй долоо худагт нийт 24 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн байсныг асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ. Цагдаагийн байгууллагаас хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудад бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг зөвлөлөө.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ