Үндэсний их баяр наадмын эхний өдөр /2019.07.11/ Хүй долоо худагт уралдаж байгаад годройтож унасан морь, хүү хоёрыг босоход нь цагдаа нар тусалсан явдал наадамчин олны сэтгэлийг хөдөлгөсөн билээ. Хүү, морь хоёр айргийн гуравт орсон. Ингээд Сонгинохайрхан дүүргийн эргүүлийн офицер Н.Батнасан, Хууль сахиулах их сургуулийн сонсогч Г.Бат-эрдэнэ нартай утсаар холбогдсон юм.
-Сайхан наадаж байна уу. Албан үүргээ гүйцэтгэж явна уу?
-Сайхан. Сайхан наадаж байна уу. Тийм ээ. Өглөө эртлэн Хүй долоо худагтаа хурдан морины хамгаалалтадаа гараад байж байна.
Хүй долоо худагт уралдаж байгаад унасан шүдлэн насны морь, унаач хүүхдийг цагдаа нар босгож тусалсанд наадамчин олон та хоёрт ам сайтай байна?
-Үндэсний их баяр наадмын эхний өдөр шүдлэн насны морины уралдаан болсон. Уралдааны үеэр зээрд халзан шүдлэн морь унаач хүүхдийн хамт бүдэрч унасан. Тэгэхээр нь би хамт хамгаалалтад зогсож байсан Хууль сахиулахын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Г.Бат-Эрдэнэтэй хамт гүйж очоод босгож мордуулсан юм.
-Унаач хүүхэд бэртэж гэмтээгүй байсан уу?
-Үгүй. Бид гүйгээд очсон чинь “Ахаа туслаач. Би зүгээрээ” гэсэн. Тэгээд л тэр жаал маань уралдаанаа үргэлжлүүлээд сайхан давхиад явсан даа.
-Уралдаан дуусахад тусалсан хурдан морь, унаач хүүхэд нь айргийн гуравт орсон гэдгийг дуулсан байх. Их баярласан уу?
-Тэгэлгүй яахав. Маш их баярласан. Уяач хүний бүтэн жилийн хөдөлмөр шүү дээ. Унаач хүү маань ч сайхан давхиж, айргийн гуравт орсонд баяртай байгаа.
-Уралдааны дараагаар та бүхэнд баярлалаа гэж хэлсэн үү?
-Тухайн үед уралдааны үеэр тусалсан болохоор үйл явдал хурдан болсон. Одоохондоо бидэнтэй уулзаад баярлалаа гэж хэлсэн хүн алга байна.
-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байгаа вэ. Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?
-Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Цагдаагийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны хамгаалалтад бас олон жил ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байна.
Тухайн үед хурдан морины хамгаалалтад ажиллаж байсан Хууль сахиулахын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Г.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Тухайн үед хүмүүсийн орилохыг ч сонсолгүй шууд л гүйж очсон. Миний хувьд хар багаасаа адууны захад өсч, хурдан морь унаж өссөн. Тийм болохоор хүүхэд унахад нь бушуухан л очиж, туслая гэж бодсон. Сэтгэл бахархууштай байна. Аймгийн алдарт уяач Г.Баттулга ахад баяр хүргэе. Хүлэг морь нь хурдан байхыг хүсэн ерөөе” гэсэн юм.
Холбоотой мэдээ