Төрийн наадамд торгон жолоогоо өргүүлсэн хүлгүүд

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

Төрийн наадамд торгон жолоогоо өргүүлсэн хүлгүүд

Төрийн наадамд торгон жолоогоо өргүүлсэн хүлгүүд

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьд өчигдөр /2019.07.11/ шандас шалгаж, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор түрүү магнайг хүртсэн билээ.

Тэрбээр “Түрүүлнэ гэж бодсонгүй ээ. Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. Нутгийнхандаа Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе. Миний бор морь сайн гээд л залбирч, мөргөж шүтдэг юм. Морь гэж үнэхээр ухаантай амьтан. Шүтэж мөргөж явдаг бор адуу минь төрийн наадамдаа түрүү магнайг хүртсэнд үнэхээр сэтгэл тэнэгэр сайхан байна. Та бүхэн маань сайхан наадаарай” гэлээ.

Бор морийг 209 дугаартай есөн  настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат унаж уралдсан юм. Уяач Т.Галбадрахын бор халзан морь өнгөрсөн жил төрийн наадамд түрүү магнайг хүртэж байсан удаатай.

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд 371 хурдан хүлэг бүртгүүлсэн ч 271 нь шандас шалгаж, Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач, аймгийн алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар морь хурдаллаа. Энэ морийг 307 дугаартай 8 настай Буянтогтохын Батсүлд унаж, хурдлуулжээ. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Эрдэнэт” ТӨҮГ-ын захирал, Монгол Улсын алдарт уяач Хоохорын Бадамсүрэнгийн элбэг хээр хурдаллаа. Элбэг хээрийг 519 дугаартай 10 настай Мөнгөнзулын Түшиг хүү унажээ. Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Нямаын Баттөмөрийн хар морь хурдаллаа. Хар морийг 881 дугаартай 11 настай Наранцэцэгийг Билгүүнманлай унаж хурдлууллаа. Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хурдан зээрд орлоо. 101 дугаартай 10 настай Энхболдын Даваабаатар унаж уралдсан юм.

Уяачийн эрдэм ухааныг шалгаж хамгийн хол зайд уралддаг Их насны морьдын уралдаан 25 км зайд болж, долоон хүүхэд мориноосоо унаж, хоёр адуу хөлөндөө бэртэл авчээ. Харин мориноосоо унасан хүүхдүүд ямар нэгэн хүнд бэртэж гэмтээгүй аж. Өнөөдөр соёолон насны морьд гараанаас гарч, шандас шалгаснаар Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Б.ЦЭЦЭГ

                                                                                       ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж