Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд бөх сонирхогчид, бөхийн мэргэжилтнүүд гээд хүн бүр дор бүрнээ түрүү бөхийн таавраа дэвшүүлж байгаа. Бөх сонирхогчид хэдийнэ наадмын таавраа гаргасан. Ингээд олны таамагт хүрээд байгаа түрүү бөхчүүдийг хүргэе.
УЛСЫН АВАРГА Ч.САНЖААДАМБА
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба наадмын бэлтгэлээ тун чамбай хийсэн. 2018 оны наадмаас хойш заалны барилдаанд оролцоогүй байгаа аваргын хувьд форм сайн байгаа аж.
Ч.Санжаадамба Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж, Монгол Улсын аварга цол авсан түүхэн амжилтын эзэн юм. Түүнийг бөх сонирхогчид жудагтай бөхчүүдийн нэг гэж үнэлдэг. Баяр наадмын өмнө допингтой бөхчүүдийг барилдуулахгүй гэж хэсэг бөхчүүдийн хамт эсэргүүцлээ илэрхийлсэн Ч.Санжаадамба аваргыг энэ жилийн түрүү бөхийн нэгээр нэрлэж байна.
УЛСЫН АВАРГА Н.БАТСУУРЬ
Өнгөрсөн жилийн баяр наадамд Улсын аварга Ч.Санжаадамбыг давж, аварга болсон Улсын аварга Н.Батсуурь энэ жил бэлтгэл сайтай байгаа. Үүнийгээ заалны олон барилдаанд харуулсан. Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь аварга “Увс” нуур дэвжээний дасгалжуулагч болсон ч бэлтгэлээ тун сайн базаасан. Түүнийг энэ жилийн наадамд түрүүлж, даян аварга болох болов уу гэсэн таамаг бөх сонирхогчдын дунд бий.
Н.Батсуурь 2014 онд Ардын хувьсгалын 92 жилийн ойгоор гарьд Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж, арслан цол хүртсэн бол өнгөрсөн жил Ч.Санжаадамба аваргыг давж, Төрийн наадамд хоёр дахь түрүүгээ хүртэн аварга цолонд хүрсэн.
Үндэсний бөхөөс гадна жүдо бөхөөр хичээллэж насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс гадна 2011 онд Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэж Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн бөхийн нэг бол Н.Батсуурь аварга билээ.
Улсын наадамд хоёр удаа түрүүлж, гурван удаа шөвгөрсөн Н.Батсуурь аваргыг энэ жилийн түрүү бөхөөр нэрлэх нэгэн олон байна.
УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД
Улсын наадамд дөрвөн удаа шөвгөрсөн бөхийн нэг бол Улсын арслан Э.Оюунболд юм. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат залуу арслан энэ жил бэлтгэл сайн байгааг бөхчүүд хэлж байв.
Э.Оюунболд арслан Дагестанд 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийж, жингээ хасч чадсанд бөхийн хүрээнийхэн ам сайтай байгаа. Арслангийн аав нь аймгийн начин Д.Энхтөгс билээ. Аавыгаа дагаж барилдах дуртай болсон тэрбээр 2007 оноос бөхийн гараагаа эхлүүлж байсан түүхтэй.
Э.Оюунболд арсланг Ардын хувьсгалын 98 жилийн ойн барилдаанд түрүүлж аварга болох болов уу гэсэн бөх сонирхогчдын таамаг их бий.
УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ
Үндэсний бөхөд хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй бөхийн нэг бол Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай билээ. Аймгийн арслан цолтойдоо олон барилдаанд түрүүлж байсан О.Хангайг наадамд “одгүй” гэж ярих нэгэн бий. Гэхдээ түүнийг энэ жил сайн барилдаж, түрүү бөхийн төлөө барилдах болов уу гэсэн таамаг олон гарчээ.
О.Хангай аймгийн арслан цолтойдоо сар шинийн барилдаанд хоёр удаа үзүүрлэсэн анхны бөх билээ. Энэ жил бэртлийн улмаас зааланд олон барилдаагүй байгаа ч оролцсон барилдаан бүртээ улсын аварга Н.Батсуурийг давж байсныг онцлох хэрэгтэй.
Ховд аймгаас 1940 онд ес даван түрүүлж, улсын арслан болсон Ш.Ванчинхүүгээс хойш анхны түрүү бөх нь О.Хангай байх болов уу гэсэн хүлээлт олон түмний дунд бий.
Ийнхүү энэ жилийн түрүү бөхөөр олон бөх нэрлэгдэж байгаа ч Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Улсын арслан Э.Оюунболд, Улсын харцага О.Хангай нарыг онцлон нэрлэлээ.
Холбоотой мэдээ