УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Энэ хуулийг хэлэлцэхдээ Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийн төлөөллийг оролцуулж, хаалттай хуралдаан хийсэн байна. Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн хүрээнд тагнуулын байгууллагууд нэгдэж, бүтэц нь өөрчлөгдөх тул холбогдох газруудын албаны хүмүүсийг байлцуулж мэдээлэл сонссон аж.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Эрүүгийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл юм байна. Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг газруудаас дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор маш олон санал шүүмжлэл ирсэн. Тийм учраас баялаг бүтээгчдийг 48 заалтаар Эрүүгийн хуульд татахаар төсөлд заасан уу гэдгийг хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх үед холбогдох хүмүүсээс тодруулахаар болсон аж.
Ер нь энэ хуулийн төсөлд НДШ-ээ төлөөгүй хуулийн этгээдийн өмчийг хураах, торгох, яллахаар заасан нь хатуудсан байна гэдэг асуудлыг бүлгийн гишүүд хөнджээ. Тиймээс чуулганаар төслийг хэлэлцэх үед дэмжих үгүйгээ шийдэхээр болсон аж.
Гурав дахь асуудал нь Өршөөлийн тухай хуулийн төсөл аж. Эл төслийг нэр бүхий 25 гишүүн УИХ-д өргөн мэдүүлээд 2.6 жил болж байгаа. Хэрвээ ийм төрлийн хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэх бол түүнийг яаралтай мэдүүлж, УИХ-аар хэлэлцэх. Эс бол нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийг яаралтай горимоор хэлэлцэх ёстой гэсэн албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлэхээр болжээ.
Энэ тухай мэдээллийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ сэтгүүлчдэд хийлээ.
Г.ДАРЬ